ШХАБ-ын 2025 оны дээд түвшний уулзалт Хятадын далайн эргийн Тяньжин хотноо 2025 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд зохион байгуулагдана.
Үүнтэй холбоотой цаг үеийн асуудлаар МУИС-ийн УТСОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Др. А.Батцэцэгтэй ярилцлаа.
-Та олон улсын харилцаа, хятад судлалын мэргэжилтний хувьд удахгүй Тяньжин хотноо зохиогдох ШХАБ-ын энэ жилийн дээд түвшний уулзалтын гол онцлог нь юунд орших талаар ярилцлагаа эхэлье?
-ШХАБ-ын 2025 оны дээд түвшний уулзалт Хятадын далайн эргийн Тяньжин хотноо болно. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ёрмекаев өнгөрсөн нэгдүгээр сард хэлэхдээ энэхүү дээд түвшний уулзалтыг “зуны төгсгөл, намрын эхлэл” хэмээн тодорхойлж байсан. 2025 оны ШХАБ дээд түвшний уулзалтыг БНХАУ даргална.
Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалт БНХАУ-д тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна гэсэн үг юм. Өмнө нь 2001 оны зургаадугаар сард Шанхай, 2006 оны зургаадугаар сард Шанхай, 2012 оны зургаадугаар сард Бээжин, 2018 оны зургаадугаар сард Чиньдао хотноо тус тус зохион байгуулагдаж байсан.
2025 оны ШХАБ-ын дээд түвшний уулзалт нь японы милитаризмыг бутцохиж дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн арга хэмжээтэй цаг хугацааны хувьд мөн давхцаж байгаа явдал юм.
ХКН-ын ТХ-ны УТТ-гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Ий 2025 оны гуравдугаар сарын 7-нд мэдэгдсэнээр энэхүү дээд түвшний уулзалт нь ШХАБ-ын “Хятадын жил”-ийн хүрээнд “Шанхайн үзэл санааг дээдлэхүй: ШХАБ-ыг урагшлуулах нь” (Upholding the Shanghai Spirit: SCO on the Move) сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд 100 гаруй цуврал арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Уулзалтад гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд биечлэн оролцох хүлээлттэй байна гэж мэдээлж байсан.
Тяньжин хотын төвөөр өнгөрөх Хайхэ мөрний эрэг дээр болох энэхүү уулзалтаар дээрх уриан дор БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинь-ийн дэвшүүлсэн “Эв нэгдэл, харилцан итгэлцэл, энх тайван, амар амгалан байдал, хөгжил цэцэглэлт, сайн хөршийн найрсаг харилцаа, тэгш шударга ёсыг эрхэмлэсэн ШХАБ-ын хамтын гэр бүлийг цогцлоон байгуулах” санаачилгыг бүх талуудтай хамтран бодитоор хэрэгжүүлэхийг зорьж, Хятад улс бүх талтай хамтран илүү өргөн хүрээний ойлголцол бий болгож, илүү олон хамтын ажиллагааны арга хэмжээг баталж, ШХАБ-ын өндөр чанартай хөгжлийн шинэ үе шатыг нээж, хамтран ажиллах, хоршин хөгжих, хамтаар хожих, хамтдаа ашиг хүртэх явдал гэж ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь мэдэгдсэн байна лээ.
2015 онд ОХУ-ын субъект Башгирстаны Уфа хотноо зохиогдсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтаар ШХАБ-ын 2025 он хүртэлх 10 жилийн хөгжлийн стратегийг баталж байсан. Энэ жил тус баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байна. Тухайлбал 2015 оны 10 жилийн хөгжлийн стратегид чухалчлан тэмдэглэсэн зүйл бол ШХАБ цэргийн эвсэл болон өргөжихгүй, мөн эдийн эдийн засгийн интеграц болон хөгжихгүй гэж заасан байдаг. Энэ удаа дээрх хөгжлийн стратегийн ололт, үр дүнг нэгтэн дүгнэж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг батлах хүлээлт өндөр байна гэж бодож байна.
За гол асуудал Тяньжин хотноо болох ШХАБ-ын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон түүний араас үргэлжлэн зохион байгуулагдах “ШХАБ +” дээд түвшний уулзалтад чиглэж байна, энэ нь бусад ажиглагч зэрэг статустай улс орнуудын Төрийн тэргүүн нар болон олон улс, бүс нутгийн 30 гаруй байгууллагуудын өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэсэн үг. Энэхүү арга хэмжээг тусгасан ШХАБ-ын бүтээлч хөтөлбөр нь Глобал Өмнөд ба Глобал Зүүн бүсийн орнуудын сонирхол татахуйц асуудлыг хөндөнө гэж бодож байна, бас хүлээж байна.
Ёслолын дагуу дэлхий дахины нөхцөл байдал, гол чиг хандлагын талаарх ШХАБ-ын гишүүн орнуудын нэгдсэн үнэлгээ, байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нэгдсэн чиг шугамыг Тяньжиний Хамтарсан Тунхаглалд тусгах нь зүйн хэрэг. Мөн энхийн төлөө хийсэн түүхэн гавьяаг хамтдаа санан дурсаж, фашизм, милитаризмыг ялан дийлж, дэлхийн II дайныг ялалтаар дуусгасан нь энхийг эрхэмлэгч орнуудын ард түмний хувьд үргэлж үнэ цэнтэй гэдгийг онцолсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын Зөвлөлийн Хамтарсан Тунхаглалыг батлах хүлээлттэй байна. Түүнчлэн есдүгээр сарын 3-нд Бээжин хотод ШХАБ-ын гишүүн болон бусад орны удирдагчид Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор байна.
-ШХАБ-ын гишүүн орнууд ямар ямар улсууд байдаг вэ? бусад оролцогч орнуудын байр суурь онцлогийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү
-ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орнууд нь БНХАУ, Казахстан, Киргизстан, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Иран Беларусь, “Ажиглагч” статустай Афганистан (түтгэлзүүлсэн, де факто статустай), Монгол Улс, “Яриа хэлэлцээний түнш” статустай Азербайжан, АНЭУ, Армени, Балба, Бахрейн, Египет, Камбож, Катар, Кувейт, Мальдив, Мяньмар, Непаль, Турк (2013), Шри Ланка (2010), “Зочин оролцогч” статустай олон улсын байгууллага, улс орныг дурдвал АСЕАН, ЕАЭЗХ, НҮБ, ТУХН, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага CSTO, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал CICA, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Туркменистан улс болно.
Өнөөдрийн байдлаар ШХАБ-д “ажиглагч”-аар элсэх хүсэлт гаргасан орнуудад Алжир, Бангладеш, Вьетнам, Зүүн Тимор, Израиль, Ирак, Лаос, Сири орж байгаагаас 2022 оны есдүгээр сард Египет, Катар, Саудын Араб, 2023 оны тавдугаар сард Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, АНЭУ-ын тус байгууллага дахь “Яриа хэлэлцээний түнш” статустай болсон.
-Дээд түвшний уулзалтын хүрээнд хийгдсэн арга хэмжээнүүдээс дурдвал?
-За зарим гол арга хэмжээнүүдээс дурдвал 2025 оны тавдугаар сарын 29-нд Тяньжин хотноо “Оюун ухаан Хятадад төвлөрч, мэргэн ухааныг ШХАБ хүртэнэ” сэдвийн дор Хятад-ШХАБ-ын AI-ын хамтын ажиллагааны форум амжилттай зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Тяньжин хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж, ШХАБ-ын гишүүн орнуудын сайдын түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, АI-ыг хүртээмжтэй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний солилцоо, хариуцлагатай инновацыг бүс нутагт хэрхэн дэмжих талаар хэлэлцсэн.
Хэлэлцүүлэгт Цинхуа их сургууль, Хятадын Улс төр, хууль зүйн их сургууль, Бээжингийн AI-ын аюулгүй байдал, засаглалын хүрээлэн, 360 Групп зэрэг байгууллагын төлөөлөлүүд оролцож шинэ мэдээлэл хуваалсан. Мөн ЮНЕСКО-гийн Байгалийн шинжлэх ухааны салбар нэгжийн дарга Ай Сугиура ЮНЕСКО нь АI-ын засаглалд хүртээмжтэй, ёс зүйтэй, хүн төвтэй хандлагыг дэлхийд тэргүүлэн дэмждэгийг онцлоод, энэ хүрээнд батлагдсан 2021 оны “AI-ын ёс зүйн тухай зөвлөмж”-ийг дурьдсан, энэ нь уг салбар дахь дэлхийн анхны норм хэм хэмжээний баримт бичиг юм билээ.
2025 оны долоодугаар сарын 10-11-нд Тяньтин хотноо ШХАБ-ын Дижитал эдийн засгийн форум зохион байгуулагдсан. Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудын дунд дижитал дээд бүтэц, технологи, инновацын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн бүс нутгийн хүчин чармайлтын чухал алхам болсон гэж бодож байна. “Дижитал эдийн засгийн шинэ холбоо, хамтын ажиллагааны шинэ боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан энэ өндөр хэмжээний арга хэмжээг ‘Хятадын Үндэсний Их Өгөгдлийн Захиргаа’, ‘Тяньжины Ардын Засгийн газар’ хамтран зохион байгуулсан. Форумд ШХАБ-ын бүс нутгийн 1500 гаруй оролцогч, тэдгээрийн дунд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өмчит компаниудын төлөөлөгчид, хувийн хэвшлийн удирдлагууд, их сургуулийн эрдэмтэд, олон улсын бодлогын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцсоноороо маш давуу талтай байсан.
ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын тэргүүн дэд сайд Дин Шюэшьян форумын нээлтийн үеэр гол илтгэлийг тавьсан түүний гол санаа бол ШХАБ-ын орнуудыг Дижитал эдийн засгийн дэлхийн гэрээг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өндөр түвшний зөвшилцлийг бодит үр дүнд хүргэхийг уриалсан. Дин Шюэшиан “Дижитал эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, чанартай Дижитал Торгоны замыг бүтээх хэрэгтэй” гэсэн чухал үг өгүүлбэрүүд байсны дотор дижитал засаглал болон дэд бүтцийг хамтран хөгжүүлэх нь бүс нутгийн хөгжилд шинэ хөшүүрэг болно гэж онцолсон нь анхаарал татлаа.
-ШХАБ-ын гишүүн орнуудын өмнө тулгамдаж буй томоохон асуудлууд гарч ирж байна.
-ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын 22 дахь удаагийн уулзалт саяхан 2025 оны зургаадугаар сарын 25–26-нд Хятадын Чиндао хотноо болсон. Энэ уулзалтын үеэр Энэтхэгийн тал ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан. Яагаад гэвэл хамтарсан мэдэгдэлд Пакистаныг дэмжсэн өнгө аястай байсан учраас, өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн жуулчдын амь насанд халдсан халдлагыг огт дурдаагүй гэж үзсэн байна.
Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раджнат Сингх уг мэдэгдэлд эрс эсэргүүцэл илэрхийлж, терроризм болон бүс нутгийн аюулгүй байдлын талаар Энэтхэгийн байр суурийг илэрхийлсэн, за халдлагын тухайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхэгийн хяналт дахь Кашмирт болсон ихэнх нь Энэтхэгийн хиндү шашинт жуулчдын 26 хүн амиа алдсан явдал юм. Харин Пакистан энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж няцаагаад байгаа нь гол хагарал үүсгээд байсан юм.
Энэ халдлага нь хоёр цөмийн зэвсэгт улсуудын хооронд сүүлийн хэдэн арван жилд гарсан хамгийн ноцтой цэргийн сөргөлдөөнд хүргэсэн, хэдэн өдөр тулалдсаны эцэст АНУ-ын зуучлалаар гал зогсоох тохиролцоонд хүрч, хурцадмал байдлыг намжаасан билээ.
Нөгөө нэг үйл явдал бол 2025 оны зургаадугаар сарын 14-нд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын нутаг дэвсгэрт хийсэн цэргийн цохилтын талаар ШХАБ-ын Мэдэгдэл гаргасан. үүнд, ШХАБ нь Иранын нутаг дэвсгэрт Израилийн талаас хийсэн цэргийн цохилтын талаар гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлж, ШХАБ нь аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нь олон улсын эрхзүй, НҮБ-ын Дүрмийн суурь зарчмыг гол болгодгоо илэрхийлж ШХАБ-ын гишүүн улсууд бүс нутагт болон дэлхий дахинд хурцадмал байдлыг нэмэгдүүлэх, мөргөлдөөн үүсгэх аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж, маргаантай асуудлыг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг бүх талд уриалсан агуулгатай мэдэгдлүүдийг цаг тухайд нь хийдгээрээ давуу талтай, судлаачийн хувьд бас санал нэгтэй байгаа.
Дараагийнх нь 2025 оны зургаадугаар сарын 23-ны Мэдэгдэл бөгөөд ШХАБ Ираны цөмийн байгууламжид цэргийн цохилт өгснийг эрс буруушаасан Энэ үйлдэл нь олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрэмд харш бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна гэж үзсэн. Зөрчилдөөнийг хүч хэрэглэх замаар бус, харилцан хүндэтгэл, яриа хэлэлцээ, дипломат арга замаар зохицуулах нь зайлшгүй чухлыг тэмдэглэж, бүс нутгийн болон олон улсын энх тайвныг сахин хамгаалах үүднээс ШХАБ нь холбогдох талуудыг тэвчээртэй байж, хурцадмал байдлыг даамжруулах аливаа алхам хийхээс татгалзахыг уриалсан.
Иран улс бол ШХАБ-д элсэх хүсэлтээ 2008 онд өгч байжээ. Гэсэн ч НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас 2015 оныг хүртэл тус улсыг элсүүлээгүй. Ираны цөмийн хэлэлцээр байгуулагдсанаар тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсан ч өөр нэг асуудал үүссэн нь Иран, Тажикистаны хооронд маргаан үүссэнээр Ираны ШХАБ-д элсэх хүсэлтэд хориг тавьжээ. Иран, Тажикистан хоёр хэл, соёлын хэлхээ холбоотой ч 1990-ээд оны Тажикистан дахь иргэний дайнд сөрөг хүчнийг нь Ираны талаас дэмжиж байжээ.
2023 онд Иран, 2024 онд Беларусь ШХАБ-ын гэр бүлд өөр өөрийн статустайгаар нэгдэн орсон түүхтэй.
ШХАБ-ын гишүүн Киргизстан, Тажикистаны хооронд хилийн бүсэд зэвсэгт мөргөлдөөн хэдэнтээ гарч байсан. Харин энэ оны гуравдугаар сард Тажикистаны Ерөнхийлөгч Э. Рахмоныг Киргизстанд төрийн айлчлал хийх үеэр Бишкек хотноо хоёр улсын ерөнхийлөгч “Улс хоорондын хилийн тухай гэрээнд” гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болсон.
2022 оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтаас гарсан Самаркандын Тунхаглалын 4-7 болон 41 дүгээр зүйлд улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй байдал, хүч үл хэрэглэх, хүчээр үл заналхийлэхийн чухлыг нотолж, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх явдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.
ШХАБ-ын Самаркандын уулзалт нь ОХУ-аас Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлсний дараа зохион байгуулагдсан анхны дээд түвшний уулзалт байсан.
Өнөөдөр Төв Азийн бүс нутаг БНХАУ, АНУ, ЕХ, Герман, Франц, Япон БНСУ-ын геополитик идэвхжиж байна.
Саяхан 2025 оны долоодугаар сарын 15-нд ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хуралдаан Тяньжины хотноо зохиогдлоо Уулзалтад оролцсон сайд нар “Шанхайн үзэл санааны (Shanghai Spirit)” зарчимд тулгуурлан бүс нутгийн аюулгүй байдал, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцож, Тяньжин хотноо удахгүй эхлэх дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлуудыг хэлэлцлээ. Хятадын удирдагч Ши Жиньдин Гадаад хэргийн сайд нар болон ШХАБ-ын байгууллагын удирдлагуудыг Бээжин хотноо хүлээн авч уулзан, бүс нутаг дахь тогтвортой байдал, ШХАБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд онцлон анхаарч байгаагаа илэрхийлсэн.
Харин одоогийн байдлаар ШХАБ-ын “Ажиглагч” статустай орнуудад Монгол Улс, де-юре Афганистаны Исламын Эмирт Улс ордог бөгөөд долоодугаар сарын эхээр ОХУ тус улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон. Беларусь ШХАБ-д ажиглагчаар оролцож байгаад 2022 оны долоодугаар сард тус байгууллагын бүрэн эрхт гишүүний статус авах хүсэлтээ гаргаж, мөн оны есдүгээр сард Самарканд хотноо болсон тус байгууллагын дээд түвшний уулзалтын үр дүнд Беларусийг ШХАБ-ын гишүүнчлэлд элсүүлэх журмыг эхлүүлэх тухай Баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ 2023 оны долоодугаар сард Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо виртуаль зохиогдсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт Беларусь Улс ШХАБ-ын гишүүн улсын статустай болохын тулд “Үүрэг хариуцлагын Санамж бичиг”-т гарын үсэг зурах нь чухал болохыг тэмдэглэж, 2024 оны долоодугаар сард Казахстаны нийслэл Астана хотноо зохиогдсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтаар албан ёсоор элссэн.
-Хятад, Америкийн худалдааны дайны үр дагавар “Хятадын онцлогтой социализм”-ын хөгжилд томоохон сорилт болж байна гэж бичиж байна лээ. Та хятад судлаачийн хувьд “Хятадын онцлогтой социализм” гэж юуг хэлээд байна вэ?
-Хятадын удирдагч агсан Дэн Сяопин 1982 оны арваннэгдүгээр сард хуралдсан ХКН-ын XII их хурлыг нээж хэлсэн үгэндээ:
«Марксизмын түгээмэл үнэнийг манай орны тодорхой бодит нөхцөл байдалтай холбож, өөрийн замаар явж, Хятадын онцлогтой социализм байгуулах нь урт удаан хугацааны түүхэн туршлагыг задлан шинжилсний үндсэн дээр бидний хийсэн гол дүгнэлт юм» гэсэн байдаг. Энэхүү дүгнэлт хийх эргэлтийн цэг нь 1978 оны арванхоёрдугаар сарын 18-22-нд хуралдсан ХКН-ын 11 дэх удаагийн сонгуулийн ТХ-ны III бүгд хурал болсон юм. Үүнийг том луу нойрноос сэрсэн гэж үзэх ч байдаг.
“Хятадын онцлогтой социализм”-ын агуулга нь нийгэм-эдийн засгийн нэг байгууллын дотор ХКН-ын удирдлага дор социалист, капиталист өмчийн харилцаа зэрэгцэн орших явдалд тулгуурлаж байгаа явдал юм. Хүнс, орон сууцны хангамжийг шийдвэрлэх гол асуудал нь хүн амзүйн төлөвлөлт буюу демографийн бодлого байсан гэж судлаачийн үүднээс үзэж байна.
Дэн Сяопиний дэвшүүлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын цөм нь «нээлттэй хаалга» байсан. «Нээлттэй хаалга»-ны бодлогын үндсэн зорилго нь эдийн засаг, аж ахуйг хөтлөх капиталист үйлдвэрлэлийн аргыг социалист төлөвлөлттэй хоршин нэвтрүүлэхэд оршиж байв. Үүнийг хэрэгжүүлэх эхний хувилбар нь хятадын хямд ажиллах хүч, асар том зах зээлийг гадаадын хөрөнгө оруулалттай нягт уялдуулсан экспортын чиглэлтэй «эдийн засгийн онцгой район», «худалдааны тусгай бүс»-үүдийг байгуулах явдал байсан.
“Хятадын онцлогтой социализм” нь социализмын ерөнхий зүй тогтлоос ангид, өвөрмөгц онцлогтой болгож байгаа нь энэхүү үзэл баримтлал ёсоор Хятад улсын дотор нийгмийн хоёр өөр байгуулал болох социализм, капитализм зэрэгцэн орших боломжтой болсон юм.
Харин Эдийн засгийн шинэчлэлийн бодлогын сүүлийн 45 жилд хүн амын 51 хувь буюу 784 сая иргэдийг үгээгүй ядуурлаас (extreme poverty) бүрэн ангижруулсан нь шинэчлэлийн бодлогын түүхэн амжилт болсон. Үүнийг Хятадын нэгдэх 100 жилийн гол ололт буюу 2021 оны долоодугаар сард ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр Ши Жиньпин мэдэгдсэн.
Хятадын шинэ эрин үе 2 үе шаттай хэрэгжиж байна гэдгийг дэлхий даяар харж байна.
ХКН байгуулагдсаны 100 жилийн босгон дээр буюу 1-р үе шат 2020-2035 он өөрөөр хэлбэл эхний 15 жилд чинээлэг нийгмийг бүтээн байгуулах ажээ. Энэ нь дундаас дээгүүр орлоготой чинээлэг социалист нийгэм байх юм. 2-р үе шат 2035-2050 онд “хүчирхэг, ардчилсан, соёлжсон, цэвэрхэн, эв найрсаг, үзэсгэлэнт орчин үеийн аугаа их гүрнийг байгуулах гэж. Энэ нь БНХАУ байгуулагдсаны 100 жилийн босгон дээр Хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулж дуусна гэсэн үг юм. Энэ нь Хятадын онцлогтой социализмын шинжлэх ухааны онолын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож болохоор байна. Үзэсгэлэнт Хятад улсыг цогцлоох гэдэг шинэ томьёолол нь хятад мөрөөдөл бөгөөд байгаль орчинтойгоо дасан зохицож ногоон хөгжлийг хэрэгжүүлнэ гэсэн үг юмаа.
-Монгол Улсад Гадаад харилцааны тухай хууль хэрэгтэй гэж зарим мэргэжлийн хүмүүс байр сууриа илэрхийлдэг. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал 2023 оны зургаадугаар сард БНХАУ-ын Гадаад харилцааны тухай хуулийг баталжээ. Та Хятадын гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцооны талаар тодруулна уу?
-Тэхээр Хятадын хоёр дахь 100 жилийн зорилтын хүрээнд “Хятадын онцлогтой социализм”-ын шинэ эрин үеийг байгуулж дуусгах гадаад, дотоод таатай нөхцлийг хангах, Дэн Сяопины дэвшүүлсэн “нэг улс, хоёр систем”-ийн хүрээнд Тайваныг эх газарт нэгтгэх, Хятадыг тойрсон хил залгаа орнуудтайгаа сайн хөршийн найрсаг түншлэлийн харилцааг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд жанжлалын эсрэг тэмцэх, олон талт оролцоонд суурилсан дэлхийн шинэ дэг журмыг цогцлоох, энхтайвнаар зэрэгцэн орших Таван зарчим зэргийг багтаах болов уу, БНХАУ-ын гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоо өөрийн гэсэн онцлогтой. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал 2023 оны зургаадугаар сард БНХАУ-ын Гадаад харилцааны тухай хуулийг баталсан.
Энэ хуулийн дагуу юуны өмнө ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хороо, ХКН-ын ТХ-ны УТТ, ХКН-ын ТХ, БХАТИХ-ын Байнгын хороо БХАТИХ, Төрийн зөвлөл, Цэргийн Төв зөвлөл зэрэг институциуд гол үүрэгтэй болохыг хуульчилсан.
Харин Хятадын Улс төрийн талаар зөвлөлдөх зөвлөл гэж энэ улс төрийн институц нь аль ч улсад байдаггүй Хятадын онцлогийг тусгадаг. Энэ институц нь олон намын тогтолцоог орлохуйц шинжтэй маш чухал байгууллага юм. Тухайлбал Улс төрийн талаар Зөвлөлдөх Зөвлөл буюу Бага хурал Ахмадын хороо, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, үндэсний цөөнх төлөөлөл, бизнесийн төлөөлөл зэрэг нийгмийн талын төлөөллийг оролцуулсан, зарим талаар олон намын шинж төлөвийг илэрхийлсэн шинжтэй, тэдгээрийн хүсэл зоригийг улс төрийн бодлогод тусгаж шийдвэрлэдэг. Сүүлийн үед гүйцэтгэх засаглал буюу Төрийн зөвлөлийн дэргэдэх тинк танк институцүүд, их дээд сургуулиудын судалгааны хүрээлэнгүүдийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна гэж хэлж болно.
-Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Монгол Улс ажиглагч гишүүний хувиар, ерөнхийлөгчийн түвшинд оролцох болов уу?
-2004 оноос ШХАБ-д Монгол Улс ажиглагч орны хувиар олон жилийн турш идэвхтэй оролцож ирсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн жилүүдэд ихэвчлэн дээд хэмжээний уулзалтад оролцож ирсэн.
Мөн Орос, Монгол, Хятад Ерөнхийлөгч нарын гурван талт дээд хэмжээний уулзалтуудаар дамжуулан “Монгол–Орос–Хятадын Эдийн Засгийн Коридор” зэрэг томоохон санаачилгыг хэлэлцэж, хамтран ажиллаж ирсэн.
2022 оны есдүгээр сард ШХАБ-ын дээд түвшний уулзалт Узбекистаны Самарканд хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлсэн: “Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс цаашид ч ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглэж, мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол болон хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудад улс орнууд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа тэмдэглэсэн.
Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгааг онцолсон байдаг.
Мөн 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэлсэн.
Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэсэн.
Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг тэмдэглэсэн байдаг.
Энэ удаа 2025 онд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс ажиглагч орны статусаар оролцоно.
Тэнд дэлхийн болон бүсийн нутгийн онцгой асуудлууд болох энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, уур амьсгал болон дижитал-эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлуудаар санал солилцоно.
Мөн гурван талт болон олон талт хэлбэрээр хамтын ажиллагаагаа ахиулах дотооддоо хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” ба “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний кампанит ажлуудын хүрээнд, уур амьсгалын болон байгаль орчны хамтын ажиллагааны чиглэлд ШХАБ-тай санал бодлоо хуваалцах гээд бүхий л боломжтой хэлбэрээр идэвхтэй оролцох төлөвтэй гэж харж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!