Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани шинэ iPhone танилцуулах өдрөө зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Америкийн технологийн аварга компани Apple өчигдөр шинэ iPhone танилцуулах арга хэмжээний урилгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараажээ.

Тус компани iPhone 17 загвар болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ есдүгээр сарын 9-ний өдөр нийтэд танилцуулахаар болсон байна.

Apple 2012 оноос хойш жил бүрийн есдүгээр сард өөрийн хамгийн гол бүтээгдэхүүн болох iPhone ухаалаг гар утасны шинэ загварыг танилцуулдаг уламжлалтай болсон юм.

Энэ удаагийн арга хэмжээний уриа үг “Awe dropping” (цочирдож гайхмаар) болжээ.

Хоёр долоо хоногийн дараа товлогдсон арга хэмжээ нь Apple компани шинийг санаачлагч хэвээр байгаа эсэх, ялангуяа хиймэл оюуны эрин үед энэ байр сууриа хадгалж чадаж байгаа эсэхийг харуулах үйл явдал болно гэж шинжээчид үзэж байна.

Долдугаар сард тус компани энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа хөрөнгө оруулагчдад танилцуулахад iPhone бүтээгдэхүүний борлуулалт нь төсөөлж байснаас өндөр гарсан юм.

Энэ жилийн хувьд Apple хэт нимгэн буюу “Air” хувилбарыг танилцуулах өндөр магадлалтай байгаа.

Сүүлийн жилүүдэд iPhone бүтээгдэхүүний гадаад хэлбэр хийц төдийлөн өөрчлөгдөөгүй тул энэ нь том шинэчлэлт болох магадлалтай.

Өмнө нь Apple энэ бүтээгдэхүүнийхээ “Mini” хувилбарыг хоёрхон үеийн дараа жагсаалтаас хасаж байв.

Зарим шинжээчид энэ жил тус компани iPhone Plus хувилбарыг мөн бүтээгдэхүүнийхээ жагсаалтаас хасах магадлалтай гэж үзэж байна.

Apple компани ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайны нөлөөг бууруулахын төлөө ажиллаж байгаа цаг үед шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна.

Долдугаар сарын хурлын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк дараагийн улиралд АНУ-ын импортын татвартай холбоотойгоор $1.1 тэрбумын зардал нэмж гарахаар байгааг мэдэгдэж байв.

Шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд тус компани одоо Хятадаас хараат байдлаа бууруулах зорилгоор iPhone бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг Энэтхэгт шилжүүлж байгаа.

Энэтхэгийн ихэнх бараа бүтээгдэхүүний импортын татварыг 50 хувьд хүргэх шийдвэрийг Трамп гаргасан нь энэ сараас хэрэгжиж эхлэх гэж байна.

Гэхдээ ухаалаг гар утасны импорт үүнээс чөлөөлөгдөх юм.

 

Эх сурвалж: CNN