Камчаткийн хойгт оршдог галт уул сүүлийн 475 жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрснийг ОХУ-ын онцгой байдлын яам Ням гарагт мэдээлжээ.
Крашенинников галт уул нь хамгийн сүүлд 1550 онд дэлбэрснийг Смитсоны хүрээлэнгийн “Global Volcanism Program” хөтөлбөрийн мэдээлэл баталж байна.
Дэлбэрэлтээс үүссэн утаа 6,000 метрийн өндөрт хүрснийг Камчаткийн орон нутгийн онцгой байдлын албаныхан мэдээлжээ.
“Утаа галт уулаас зүүн зүгт Номхон далайн чиглэлд тархаж байна. Энэ чиглэлд хүн ам суурьшсан газар байхгүй. Одоогоор суурьшлын бүсэд үнс нурам унасан тохиолдол бүртгэгдээгүй байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Дэлбэрэлтийн улмаас агаарын тээврийн аюулын зэрэглэлийг “улбар шар” түвшинд хүргэжээ. Энэ нь тухайн бүс нутгийг дайран өнгөрөх нислэгүүд саатах магадлалтай гэсэн үг юм.
Европ, Ази тивүүдийн хамгийн өндөр идэвхтэй галт уулд тооцогддог Ключевской уул өнгөрсөн Лхагва гарагт дэлбэрч байв.
Энэ уул 2000 оноос хойш 18 удаа дэлбэрч байгаа юм байна.
Ключевской галт уулын дэлбэрэлт нь тухайн өдөр Камчаткийн хойгт тохиолдсон 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн шууд үр дагавар юм.
Крашенинников уулын дэлбэрэлтийг ч бас уг газар хөдлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Лхагва гарагийн газар хөдлөлтийн дараа Номхон далайн бүс нутгийн олон оронд цүнамигийн түгшүүр зарласан ч хор хохиролгүй өнгөрсөн юм.
Хамгийн их хохирол ОХУ-д учирсан бөгөөд Северо-Курильск боомтыг цүнами дайрахад загасны нэг үйлдвэр усанд автсан байна.
“Гал ба мөсний орон” гэгддэг Камчаткийн хойг бол дэлхийн хамгийн идэвхтэй галт уулсын бүс нутгуудын нэг юм.
Энэ бүс нутагт 300 орчим галт уул байдгийн 29 нь идэвхтэй гэсэн тоог NASA-гийн Дэлхийн Ажиглалтын төв гаргасан байдаг.
Дэлхийн бөмбөрцгийн хоёр тектоник хавтангийн зааг дээр оршдог тул энд газар хөдлөлт, цүнами байнга тохиолддог.
Москвагаас зүүн зүгт есөн цагийн бүсийн зайтай оршдог Камчаткийн хойг хойноос урагшаа 1,200 км урт сунаж тогтсон бөгөөд хоёр талаараа Номхон далай, Охотскийн тэнгисээр хүрээлэгддэг юм.
Хойг болон түүний ойр орчмын цөөн арлууд дээр нийтдээ 290,000 орчим хүн оршин суудаг. Үүний 162,000 орчим нь хойгийн зүүн өмнөд хэсгийн Авача буланд оршдог бүс нутгийн төв Петропавловск-Камчатский хотод суудаг байна.
Камчаткийн хойгт хүрэх зам цөөхөн, ихэвчлэн нисдэг тэргээр хүрэх боломжтой. Загас агнуур эдийн засгийн гол үндэс нь болдог юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!