АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын амлалтын дараа НАТО-гийн гишүүн орнууд агаарын довтолгооноос хамгаалах Патриот системийг Украинд нийлүүлэх ажлаа шуурхайлж эхэлжээ.
Оросын халдлагыг эсэргүүцэхэд энэ зэвсэг хамгийн үр дүнтэй нь батлагдсан тул Киевийн эрх баригчид нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг холбоотнуудаасаа хүссээр ирсэн юм.
“Бид Герман улстай Патриот системийн нийлүүлэлтийн асуудал дээр маш ойр холбоотой ажиллаж байгаа” гэж НАТО-гийн Европ дахь хүчний командлагчаар саяхан томилогдсон дэслэгч генерал Алексис Гринкевич өнгөрсөн Лхагва гарагт Германы Висбаден хотод болсон хурлын үеэр мэдэгджээ.
“Аль болох яаралтай шилжүүлэх чиглэлийг би дээд удирдлагаасаа авсан” гэж тэр нэмж хэлсэн байна.
Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус энэ долоо хоногт ярихдаа тус улс өөрийн нөөцөөс хоёр ширхэг Патриот системийг нийлүүлэхээр төлөвлөсөн, эцсийн шийдвэр ойрын өдрүүдэд гарахыг мэдээлсэн юм.
Норвеги улс мөн Украинд нийлүүлэх Патриот системийн худалдан авалтыг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
НАТО-гийн гишүүн орнуудын төлөөлөгчид ирэх долоо хоногийн Лхагва гарагт Брюссель дэх төв байрандаа уулзаж, Украинд нийлүүлэх Патриот системийн асуудлыг хэлэлцэхээр болсныг Гринкевич мэдээлсэн байна.
Уг уулзалтад өөрийн армийн зэвсэглэлд Патриот системтэй орнуудын албаныхан болон Украины донорууд оролцох гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!