Хятад улс цахилгаан автомашины батарейн технологидоо экспортын хязгаарлалт тогтоолоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятад улс цахилгаан автомашины батарейг үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой технологиудын экспортод хязгаарлалт тогтоожээ.

Үүнийг дэлхийн цахилгаан автомашины салбарт олж авсан тэргүүлэх байр сууриа хадгалах зорилготой алхам гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Тус улсын засгийн газар экспортын хяналтын жагсаалтдаа батарей үйлдвэрлэх, батарейн чухал түүхий эд болох литийг боловсруулахтай холбоотой хэд хэдэн технологийг нэмжээ.

Ингэснээр эдгээр технологиудыг худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хэлбэрээр гадаад зах зээлд гаргахдаа Хятадын засгийн газраас тусгай зөвшөөрөл авдаг болж байгаа юм.

Гурван сарын өмнө тус улс газрын ховор элементийн экспортдоо бас ийм хязгаарлалт тогтоож байв.

Газрын ховор элементийг цахилгаан автомашин төдийгүй, цахилгаан хэрэгсэл, зэр зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг.

Хятад улс энэ түүхий эдийн дэлхийн зах зээлд ноёрхдог нь АНУ-тай явуулж буй худалдааны дайнд хамгийн чухал зэвсэг болж байгаа.

Дэлхий даяар маш олон автомашин үйлдвэрлэгч Хятадын батарейг бүтээгдэхүүндээ ашигладаг. Тухайлбал тус улсад үйлдвэрлэсэн батарей дэлхийн зах зээлийн 67-оос багагүй хувийг эзэлдэг болохыг SNE Research компани мэдээлж байв.

Дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч Хятадын CATL компани АНУ-ын Тесла компанийн гол нийлүүлэгч юм. Тус компани одоо Герман, Унгарт үйлдвэртэй, удахгүй Fiat, Chrysler брэндүүдийг эзэмшигч Stellantis компанитай Испанид хамтарсан үйлдвэр байгуулах гэж байгаа.

Бас АНУ-ын Мичиган мужид байгуулагдаж буй Ford компанийн батарейн үйлдвэрт технологио ашиглуулах гэрээ байгуулжээ.

Хятадын цахилгаан автомашины аварга үйлдвэрлэгч BYD батарейгаа өөрөө үйлдвэрлэдэг бөгөөд Унгар, Тайланд, Бразил зэрэг дэлхийн олон оронд үйлдвэрүүдээ байгуулсан байна.

Тус компани өнгөрсөн онд борлуулалтын хэмжээгээр Теслаг гүйцэж, дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болсон юм.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг