Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газраас нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой 164 асуудлын хүрээнд Нийслэлийн засаг дарга болон засгийн газрын гишүүдэд хугацаатай албан даалгавруудыг өгсөн байна. Мөн нэн шаардлагатай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх 31 хуулийн төслийг хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Дээрх албан даалгавруудаас дурдвал:
- Авлигаас ангид бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх. Бизнес эрхэлж буй хүн бүрийг дэмждэг хүнд сурталгүй төрийн албыг бий болгох мөн татварын таатай орчныг бүрдүүлж татвар төлөгчдийн нуруун дээр байгаа ачааг хөнгөвчилнө гэв. Энэ хүрээнд дунд, доод шатанд хүнд суртлыг бий болгож ААН-үүдийг чирэгдүүлж байгааг халж тодорхой хууль зөрчсөн эс үйлдлийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах багийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд ажиллуулахаар болжээ.
- Төсвийн сахилга батыг сахих, хариуцлагыг чангатгах зорилгоор Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2024 оны төсөвт хийсэн аудитын мөрөөр авах арга хэмжээний талаар үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал аудитын хязгаарлалттай дүгнэлт авсан 659, сөрөг дүгнэлт авсан 25 байгууллага болон дүгнэлт өгөхөөс татгалзсан 19 байгууллага, төсвийн захирагчийн ажлыг үнэлж хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг шуурхай зохион байгуулахаар болсон байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!