Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ханбогдын хөгжлийг хамтдаа

А.Золжаргал, iKon.mn
2025 оны 7 сарын 8
ikon.mn

Оюу толгой. Энэ нэр сүүлийн 10 гаруй жилд монголчуудын хувьд уул уурхай, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг илтгэх бэлгэ тэмдэг болсоор ирсэн. 2013 оноос эхлэн зэсийн баяжмал боловсруулж эхэлсэн энэ төсөл өнөөдөр 20 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж, улсын эдийн засгийн тулгуур багана болоод байна. Түүнчлэн тус компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн гүнд өрнөж байгаа юм биш. Өмнөговь аймагт, тэр дундаа Ханбогд сумын иргэдийн амьдралд бодитоор хүрч, хамтдаа хөгжих олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр буй. Үүний тод жишээ нь 50 сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн үйл ажиллагаа бөгөөд энэ нь орон нутгийн цогц хөгжлийг хангахад чиглэсэн мастер төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа юм.

“Ханбогдын хөгжлийн хурдасгуур сан” нь 2022 онд байгуулагдсанаасаа хойш 30 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр шим нь 10 мянга гаруй хүнд шууд болон шууд бусаар хүрчээ. Ханбогд сумын дэд бүтцийг өргөтгөн нэмэгдүүлэх, бизнес хөгжлийг дэмжих, нийгмийн шинж чанартай олон нийтийн төслүүд гээд тал бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ ч тэр олон талын оролцоог хангаж буюу иргэд, сумын удирдлагын саналыг авч, түншлэлийн хороогоор хамтдаа хэлэлцэж хэрэгжүүлдэг болохыг Ханбогд сумын засаг дарга М.Цэвээнравдан онцлон хэллээ. 

зураг
 

Зургийн тайлбар: Хурдасгуур сангийн ажлын үр дүн одоогийн байдлаар

2040 он гэхэд Ханбогд ямар байх, хэрхэн хөгжих төвлөвлөгөө бүрэн гарсны дээр, 30 мянган хүн амтай хот болох тооцоолол бий. Одоогоор энэ суманд 9000 орчим хүн аж төрж байна. Сумын иргэд төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд иргэдийн 20 орчим хувь нь “Оюу толгой” компанид ажилладаг тоо бүртгэл бий. Энэ утгаараа Ханбогдыг уурхай дагасан суурин гэж харж болно. Гэхдээ энэ бол Ханбогдтой үргэлж явах тодотгол биш хийгээд алсдаа эдийн засгийн хувьд бие даасан, дан ганц салбараас хараат бус, олон талт хөшүүрэг бүхий, дэвшилтэт хот болохоор зорьж буй юм.

Нийслэлд ч жишиг болох стандарт

Хэдхэн хоногийн өмнө давхар хучилттай автозам, өөгүй тэгш бордюрийн зураг Х платформд олныг шуугиулж амжсан. Хотод жил бүр сольдог ундуй, сундуй замын бордюр, тогтсон стандарт нь үл мэдэгдэх хөвөөтэй замуудад дассан бидэнд тэр зураг итгэмээргүй харагдсан нь нууц биш. “Хотод ийм л зам хэрэгтэй байна даа” гэж ам уралдан бичсэн тэрхүү зураг нь Ханбогд сумын автозамын бүтээн байгуулалтын ажлын хэсэг байв. Хурдасгуур сангийн зүгээс 2022 оноос хойш 30 гаруй төсөл хэрэгжүүлсний санхүүжилтийн дийлэнхийг дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл эзэлж буй. Сумын төвийг тэлэх, оршин суугчдад ээлтэй орчныг бүрдүүлэхэд юун түрүүнд суурь дэд бүтцэд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Харин үүнийг тогтвортой, олон жилийн настай, амьдрахад ээлтэй, тохитой хийхэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, улс орондоо ч тэр аль болох жишиг болох чанартай хийхийг эрмэлзэж буйгаа Хурдасгуур сангийн захирал Т.Алдарсайхан хэлж байлаа. Хөдөө, сум гэхээр хоцрогдсон, буурай гэх ойлголтыг халж байгаа нь энэ. 

Түүнчлэн стандарт, дүрэм журам гэдэг зөвхөн бүтээн байгуулалтаар илэрдэг биш. Уурхайн ажилчдын баримтлах соёл, дэг журам нь сумын нийтлэг хэв маяг болох эерэг үр нөлөөтэй байгааг М.Цэвээнравдан дарга чухалчлав. Ажлын орчинд байхдаа жолооны ард үргэлж хамгаалалтын бүсээ зүүж хэвшсэн хүмүүс сумын хөдөлгөөнд оролцохдоо ч түүнээ дагах гэхчлэн аюулгүйн аливаа хэвшлүүд нь олон нийтийн соёл болон төлөвшиж, ирээдүйн хотын иргэдийн хандлагад чухал хөрөнгө оруулалт болж байна.  

Хөгжлийг хамтдаа

Монгол Улсын хэмжээнд ирээдүйн хотын олон төслийг цаасан дээр төлөвлөж, хэлэлцсээр байна. Энэ үеэр буюу өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Төр хот барих боломжгүй. Хувийн хэвшил хамтран ёстой” гэх суурь үзэл санааг цохон тэмдэглэсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социализмын үед Эрдэнэт хотыг төрөөс байгуулж болсон бол орчин цагийн чөлөөт нийгэмд шинэ хот, суурины хөгжлийг хөдөлгөхөд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо юу юунаас илүү гол нөлөөтэй.

Хувийн хэвшлийн буюу иргэдийн бизнес эрхлэх боломжийг дэмжихэд төрийн зүгээс Хоршоо хөгжүүлэх зээл олгогдож байгаа бол ирэх оноос Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн боломж мөн Ханбогд суманд бий болж байгаа аж. Үүний зэрэгцээ Хурдасгуур сангаас Бичил, жижиг бизнесийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнд олон арван иргэд хамрагдаж, ажлын байрны тоо төдий хэмжээгээр нэмэгджээ.

зураг
 
зураг
 

Зургийн тайлбар: Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрт хамрагдагч, “Үжин” фермийн аж ахуй эрхлэгч М.Дариймаа

Тэдний нэг бол “Үжин” цагаан идээ, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 27 настай М.Дариймаа. Нөхөртэйгөө хоёул Улаанбаатарын иргэд атал орон нутагт аж төрөхөөр шийдэж, Ханбогдод ирсэн нь энэ. Хэдий хотоос гарсан ч хотын жишиг, хөгжлөөс хоцормооргүй байсан тул ирээдүйд хөгжих өндөр бололцоотой Ханбогдыг сонгон ирж, бизнесээ эрхлэх болсон нь энэ. “Ажлын байр олонтой, иргэдийн худалдан авах чадвар өндөртэй тул илүү хөгжин цэцэглэнэ гэдэгт нь итгэлтэй байсан. Мөн энэ хөгжлийн түүхэнд нь өөрсдөө хувь нэмэр оруулахыг хүсэж бизнесээ эхлүүлсэн. Бид сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулж зах зээлд нийлүүлэхдээ хамгийн түрүүнд хүүхдүүдэд хүргэх үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг эн тэргүүнд тавьж үйлчилдэг. Ирээдүйн хотын иргэд маань эрүүл, саруул байгаасай гэсэндээ хамтран ажиллах олон байгууллагын гэрээнээс ингэж онцолж авч үздэг юм” гэж М.Дариймаа хэлсэн. Бизнесээ нээгээд жил ч хүрээгүй боловч Бичил, жижиг бизнесийн зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар хэдийн гарааны цэгээсээ өргөжиж, хамт олны тоогоо ч нэмж амжжээ.

Харин Н.Лхагвадоржийн хувьд тавилгын үйлдвэрийн бизнес эрхэлдэг нэгэн. Шилжин суурьшигсдын тоо өсөж, шинэ гэрээ тохижуулах өрх, айлууд нэмэгдэх тусам тэдний үйл ажиллагаанд нэмэртэй байгаа нь илт. Өнгөрсөн өвөл Хурдасгуур сангийн зээлд хамрагдсан тэдний хувьд долоон жилийн өмнө үйлдвэрээ нээж, “Оюу толгой”-г түшиглэсэн суурингийн эдийн засгийн боломж, нөөцийг харж ажлаа эхлүүлж байжээ. Одоо тэд зөвхөн айл, өрхийнхөөр зогсохгүй оффисын тавилга, интерьер тохижилтын ажлууд ч хийж гүйцэтгэх болсон аж.

Ийнхүү шаардлагатай бодлогыг хэрэгжүүлж, санхүүжилтийг шийдвэрлэснээр Ханбогдын иргэд алс хэтдээ илүү итгэлтэй амьдарч буйн бодит жишээ энэ. Үүний зэрэгцээ томоохон компаниуд Ханбогдыг чиглэн салбаруудаа нээж байна. "Тэсо", "Вояж" зэрэг үйлдвэрийн салбар, зочид буудал, ресторан, эмнэлэг, банк санхүүгийн байгууллагууд тус суманд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ бүхэн тогтвортой хөгжил рүү тэмүүлэх, төвлөрлийг сааруулах жишээ болон тодорч байна.

Хамааралтай биш тогтвортой хот

Ханбогд бол 1924 онд байгуулагдсан, мал аж ахуй суурьтай хөгжиж ирсэн суурин. Харин сүүлийн жилүүдэд “Оюу толгой” уурхайн нөлөөгөөр уугуул иргэдээс гадна түр оршин суугчидтай болж, сумын төсвийн хэмжээ өмнөхөөсөө үлэмж нэмэгдэж, хөгжлийн замнал нь ч мал аж ахуйгаасаа өргөжиж байна. Одоо гагцхүү тогтвортой бодлого, төсвийн оновчтой эрэмбэ, үр дүнтэй зарцуулалтаар дамжуулан ирээдүйд дан ганц уурхай түшиглэх бус өөрийн гэсэн эдийн засагтай хот болох нь чухал гэдгийг талууд хэлж байна.

зураг
 

Зургийн тайлбар: Ханбогд сум, 2025 он

“Ирэх жилүүдэд уул уурхайтайгаа ойлголцоод, түншилж ажиллах нь гарцаагүй. Харин хэзээ нэгэн цагт энэ үйл ажиллагаа зогсоход эдийн засгаа тэтгэх чиглэл маань аялал жуулчлал, хөдөө аж ахуй байх болно” гэж засаг дарга тэмдэглэсэн. Тухайлбал, 2023 онд жуулчдын очих дуртай Дэмчогийн хийд рүү Ханбогд-Оюутолгойн замаас шууд хүрэх засмал тавьж, цахилгааны холболтыг хийж дуусжээ. Мөн дотоод, гадаадын жуулчдад зориулсан мэдээллийн төв ажиллуулж, цаашид аялал жуулчлалаас эдийн засгийн эргэлт бий болгох бодлогын алхмуудыг хийж байгаа гэв. Хөдөө аж ахуйн хувьд ч тэр суурь салбар тул түүнийг дагасан үйлдвэржилт бий болгох, малчдынхаа аж ахуйг аялал жуулчлалтай холбох гэхчлэн олон ажлыг Ханбогд сумын хөгжлийн төлөвлөлтөд тусган баталсан тул энэ ажил тогтвортой үргэлжилнэ гэдэгт сумын удирдлагууд итгэлтэй байна. Яг л үүнд хувь нэмрээ оруулж, өнөөдрийн хамтын ажиллагаанаас алс хэтийн бие даасан хотыг цогцлооход шаардлагатай дэд бүтэц, суурь хөрөнгө оруулалт, иргэд, олон нийтийг чадавхжуулах бүтээн байгуулалт, нийгэм, соёлын ажлуудад “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” манлайлан ажиллаж байна.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.