Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутерте өөрийгөө ихээхэн хүүхэмсэг хүн болохыг бахархан ярьдаг байсан юм.
2015 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа тэр “Та нар намайг хүүхэмсэг гэж ярьж байна. Тиймээ үнэн. Надад хоёр ч эхнэр бий. Бас хоёр найз бүсгүйтэй. Та нар намайг ерөнхийлөгч болгомоор байгаа бол сайн таних хэрэгтэй” гэж дэмжигчдэдээ хэлж байжээ.
Дутерте бүрэн эрхийнхээ хугацаанд хар тамхины эсрэг дайн зарлаж, олон мянган хүний амийг хуулиас гадуур хөнөөсөн хэргээр одоо Гаагийн олон улсын эрүүгийн шүүх дээр шалгагдаж байгаа юм.
Хэрвээ буруутай нь тогтоогдвол 80 настай тэрбээр 30 хүртэл жилийн хорих ял сонсохоор байгаа.
Даваа гарагт аавыгаа эргэж очсон түүний хүү, Филиппиний парламентын гишүүн Пауло Дутерте шоронгоос дамжуулсан үгийг нь уламжилсан юм.
“Түүний бүх найз бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд: Өөр хүн олцгоо. Ахиухан зээлийн карттай нэгнийг олоорой” гэж тэр Гааг хотод Дутертегийн дэмжигчидтэй уулзахдаа хэлжээ.
Ерөнхийлөгч асан хэдэн эмэгтэйтэй ийм салах ёс гүйцэтгэсэн нь тодорхойгүй байна.
Паулогийн хэлснээр зөвхөн түүний амьдардаг Давао хотод 13 эмэгтэй байдаг гэнэ.
Дутертег сайн мэддэг эх сурвалж саяхан “This Week in Asia” сэтгүүлд ярихдаа түүнийг хамгийн цөөндөө 27 эмэгтэйтэй дотно харилцаатайг баталж чадахаа илэрхийлсэн байна.
“Энэ бол миний гаргасан тоо. Түүнд маш олон хууль бус хүүхэд бий” гэж тэр ярьжээ.
Сүүлийн үед хэд хэдэн эмэгтэй Дутертетэй уулзахаар Нидерландад очсон ч зөвшөөрөл авч чадаагүйн улмаас буцсан гэх мэдээлэл бий.
Энэ мэдээлэл экс ерөнхийлөгчийн гэр бүлийнхний дунд маргаан дэгдээж байв.
Тухайлбал Дутертегийн отгон охин, 20 настай Вероника зургаадугаар сарын 20-нд Инстаграм хуудсандаа эцэгтэй нь ойр дотно хүн болж харагдах замаар хувийн ашиг хонжоо хайж буй хэн нэгнийг шүүмжилсэн утгатай зүйл бичсэн юм.
Энэхүү учир битүүлэг мэдэгдлийн дараа хэний тухай ярьсныг нь таах хэлэлцүүлэг Дутертегийн дэмжигчдийн дунд өрнөсөн байна.
Родриго Дутерте 1973 онд Элизабет Зиммерман хэмээх эмэгтэйтэй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон нь Пауло, Сара, Себастян нар юм.
Тэд 1998 онд салж байжээ. Дараа нь Дутерте гоо бүсгүй шалгаруулах тэмцээний оролцогч Сиелито Авансена хэмээх эмэгтэйтэй гэрлэж байв. Тэд одоо ч гэр бүл хэвээрээ байгаа бөгөөд дундаас нь төрсөн ганц хүүхэд Вероника юм.
Дутертегийн анхны эхнэр нь одоо 77 настай бол одоогийн эхнэр нь 55 настай.
Гэр бүлийнхэн нь Дутертегийн замбараагүй амьдралыг өмгөөлж хамгаалдаг. Отгон охин нь сүүлд Инстаграм хуудсандаа “Би аавынхаа амьдралыг сайн мэддэг. Үнэндээ бидний хэн нь ч цэвэр ариун мэт аашилж, нэр нүүрээ хамгаалах гэдэггүй. Би түүний романтик харилцаанд хандах хандлагыг ойлгох насанд хүрсэн хүн” гэж бичиж байжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!