Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны ГАВЬЯАТУУД

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тодруулбал багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Нямжавын Нандинхүсэл нар Монгол Улсын Гавьяат Тамирчин боллоо.

Ийнхүү тэд Монголын сагсан бөмбөгийн ертөнцөөс гавьяат тамирчин болж буй анхны эмэгтэй тамирчид болж буй юм.

Тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр амжилтаа үнэлүүлсэн анхдагчид боллоо.

Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин бол Ц.Шаравжамц. Ид үедээ Европын сагсан бөмбөгт мөрөө гаргаж, уг спортын эх нутаг болох АНУ-ын "Харлем Глобтроттерс" багт данстай болсон анхны ази тамирчнаар нэрлэгдэж байсан Ц.Шаравжамц 2011 онд гавьяатын тэмдгээ зүүж байв.

Түүний дараа ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан 2012 онд Т.Түвшинбаяр гавьяат тамирчин гэж дуудуулах болсон. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (МҮСБХ)-ны Дээд лигт 12 улирал тоглохдоо зургаан удаа аварга авч, зургаан удаа дэд байранд шалгарсан буюу тамирчны замналынхаа бүх улиралд аваргын төлөө тоглосон содон амжилтыг нь төр үнэлжээ.

Тэгвэл энэ жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Билгүүн гавьяат болж буй гурав дахь эрхэм болсон билээ. Б.Билгүүн ид тоглогч байх үедээ энэ цолыг авсан анхны тамирчин юм.