Умард Солонгосын мэргэжилтнүүдийг бусдын хаяж гээсэн бичиг баримт ашиглан Америкийн технологийн компаниудад өндөр цалинтай ажилд оруулах замаар Пёняны дэглэмийг санхүүжүүлдэг байсан нэг хүнийг баривчилж, өөр есөн хүнийг мөрдөн шалгаж байгаагаа АНУ-ын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.
Ийм луйврын аргаар Умард Солонгосын иргэд 100 орчим компанид зайнаас ажиллаж байсныг илрүүлсэн юм байна.
Тэдэнд тусалдаг сүлжээнд АНУ, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Тайванийн иргэд байсныг мэдээлжээ.
Баривчлагдсан “Дэнни” хочит Жэньшин Ван нь олон жилийн турш ийм луйврын сүлжээ ажиллуулахдаа нийт $5 саяыг цалин хөлс хэлбэрээр Пёняны дэглэмийн орлого болгож байсныг тогтоосноо АНУ-ын хууль зүйн яам мэдэгдэлдээ дурдсан байна.
Умард Солонгосын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бусдын бичиг баримт ашиглан Европын компаниудад зайнаас ажиллах явдал нэмэгдэж байгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтлэгдсэн Google компанийн Threat Intelligence тайланд дурдаж байв.
Тухайлбал зөвхөн нэг мэргэжилтэн 12 хүний нэрээр батлан хамгаалах салбарын болон засгийн газрын хэд хэдэн байгууллагад ажилд орох өргөдөл гаргасан байсан жишээг дээрх тайланд бичжээ.
Миссури муж дахь холбооны шүүх өнгөрсөн онд Умард Солонгосын 14 иргэнийг зургаан жилийн дотор ийм луйврын сүлжээгээр нийт $88,000-ын орлого олсон хэрэгт буруутгаж байв.
Мөн ийм луйврын сүлжээнд оролцсон олон компани, байгууллагыг АНУ-ын засаг захиргаа хоригоор шийтгэж байлаа.
Ийм аргаар ажилд орсон Умард Солонгосын иргэд засгийн газартаа орлого оруулах, тагнуулын мэдээлэл цуглуулж өгөхийн зэрэгцээ хувийн амьжиргаагаа дээшлүүлдэг тухай Вашингтоны албаны хүмүүс, болон салбарын мэргэжилтнүүд ярьж байв.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!