Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Уганда улсын 80 настай ерөнхийлөгч тэтгэвэртээ гарах уриалгыг үл тоон долоо дахь удаагаа сонгуульд өрсөлдөнө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Зүүн Африкийн Уганда улсын 80 настай ерөнхийлөгч Ёвери Мусевени долоо дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг Бямба гарагт зарлажээ.

Өрсөлдөгчид төдийгүй намынхан нь түүнд тэтгэвэртээ гарахыг уриалж байсан ч ийнхүү талаар болж байна.

Нийслэл Кампала хотод оршдог намынхаа төв байранд сонгуульд нэр дэвших бичиг баримтаа өгөхөөр Мусевенийг ирэх үед олон зуун дэмжигчид нь баяр хөөртэй угтаж авсан юм.

Дараа нь тэр үг хэлэхдээ шинэ бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн албаны авлигыг устгахаа амласан байна.

“Энэ удаа би авлигыг үнэхээр устгахыг хүсэж байна” гэж Мусевени дэмжигчдэдээ хандан хэлжээ.

Тэрбээр анх 1986 онд босогчдын удирдагч байхдаа Угандагийн төрийн эрхийг авсан юм. Тэр үеэс хойш Мусевени зургаан удаа сонгуульд ялалт байгуулсан ч сүүлийн сонгууль нь нэлээд будилаантай болж байв.

Өмнөх сонгуулиар Мусевенийн гол өрсөлдөгч нь шоу бизнесийн салбарын төлөөлөгч Боби Уайн гэгч байжээ.

Тэр бас ирэх оны нэгдүгээр сард болох дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа.

зураг
 
Угандагийн сөрөг хүчний гол нэр дэвшигч Боби Уайн

Мусевени гол өрсөлдөгчөө “гадаадын эрх ашгийг хамгаалдаг агент” тул эрх мэдэл өгч болохгүй хүн хэмээн шүүмжилдэг.

Уайн өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэргээр олон удаа баривчлагдаж байсан ч огт ял шийтгэл хүлээж байгаагүй юм.

Олон жилийн өмнө Мусевени албан тушаалаасаа салдаггүй Африкийн бусад удирдагчдыг шүүмжилдэг байв.

Гэвч сүүлд тэр Угандагийн үндсэн хуульд тусгагдсан насны хязгаарыг авч хаяснаар өөрөө хэдэн ч удаа сонгуульд нэр дэвших боломжтой болжээ.

Хэрвээ Мусевени ирэх сонгуульд ялбал түүний засаглалын нийт үргэлжилсэн хугацаа 50 жилд дөхөх юм.

Түүгээр ч зогсохгүй Мусевенигийн хүү, армийн командлагч Мухоози Кайнеругаба сүүлийн үед эцгийгээ залгамжлах санаа цухуйлгадаг болоод байгаа.

Угандагийн сөрөг хүчний гол төлөөлөгч, эрх баригчидтай олон жил тэмцэж буй Кизза Бесиге өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш эх орноосоо урвасан хэргээр шоронд хоригдож байна.

Өмгөөлөгчид нь түүнд тулгасан хэргийг улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт гэж үздэг юм.

Угандагийн армиас хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан доктор Бесиге бол тус улсад олон жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан Өөрчлөлтийн төлөө Чуулган намын дарга байсан хүн.

Уганда улс 1962 онд Их Британийн колоничлолоос гарснаасаа хойш ганц ч удаа ардчилсан замаар төрийн эрхийг шилжүүлж байгаагүй юм.

 

Эх сурвалж: Associated Press