Сүүлийн 10 хоногт буюу зургаадугаар сарын 20-30-нд улсын хэмжээнд ой, хээрийн 32 түймрийн дуудлага бүртгэгдсэнийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээллээ.
Эдгээр дуудлага мэдээллийг аймгуудаар нь авч үзвэл
Улсын Онцгой Комисс(УОК)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, гурван түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна.
2025 онд гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймрийн гаралт 49.3 хувь өссөн. Тодруулбал ойн түймэр 79 буюу 75.9 хувь, хээрийн түймэр 65 буюу 16.5 хувиар нэмэгдээд байна. Өнгөрсөн хоногуудад нийт нутгаар бороо орсон боловч ойрын өдрүүдэд халах магадлалтай байгаа тул хуурайшилт нэмэгдэнэ. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг хүсье" гэлээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Өчигдрийн байдлаар онцгой байдлын байгууллага ой, хээрийн нийт долоон түймрийг унтрааж, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны нэгжид хүлээлгэн өглөө.
Одоогоор гурван түймэр цурамд, нэг түймрийг хяналтдаа авахаар онцгой байдлын 380 гаруй алба хаагч, орон нутгийн иргэд гээд нийтдээ 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Түймрийг унтраахад Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 303 дугаар ангийн Ми-171 нисдэг тэрэг, онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргүүд түймрийн голомтод эрэн хайх, хяналтад авах, тархалтын чиглэлийг хязгаарлах зэргээр хяналтын эргүүл, алба хаагчдыг зөөхөд дайчлагдан ажиллаж байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!