"Ж.Баярмаа тэр чигтээ С.Баярцогт гэж уншигдаж байгаа нь худлаа биш. Хор найруулдаг хуучин хүмүүсийнхээ гар хөлийг зайлуул"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүдээс УИХ дахь АН-ын бүлэгт шаардлага хүргүүлж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АН-ын Хяналтын хорооны дарга асан н.Бямба "Ардчилсан Намд хуваагдал байсан ч нэгдэхээрээ улс орныг удирдах хэмжээний хүч болж, зөв бодлого хэрэгжүүлдэг байсан. Гэтэл сүүлийн дөрвөн сонгууль ямар ч үр дүнгүй болсон нь энэ намыг хувьчилж авсан цөөхөн хүмүүсээс хамаардаг. Энэ намыг Ц.Элбэгдорж худалдаж аваад дийлдэхгүй байсан түүний араас Эрдэнэ гарч ирсэн дахиад залгамж халаа болгож Л.Гантөмөрийг гаргаж ирсэн. Баруун зүгийн цөөнхийн ноёрхол Ардчилсан намд дийлдэхээ больсон. 

"Ардчилсан Нам хатавчинд сууж хоймор хардаг нам болсон"

Энэ байдал өөрчлөгдөхгүй байгаагаас болж хатавчинд сууж хоймор хардаг нам болсон. 34 хувь, 51 хувийг авах нь зөв. Гэтэл Эм си Эс гэсэн дийлдэшгүй том компанийн санхүүжилтээр УИХ-д орж ирсэн МАН, АН-ын бүлэглэл энэ бодлогыг самарч байна. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа зэрэг хүмүүсийн атгаг санаатай  үйлдэл нь хэрээс хэтэрч, намын бүлэг нь хуваагдаж байна.

АН-ын бодлогын хороо УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийг өргөн барьсан үетэй зэрэгцэн Ж.Баярмаа нь хуурамч бичиг баримт үйлдэж нам самарсан баримт нь байна. Тухайлбал намын жагсаалтаар үнэ цэнтэй гэж үзсэн намын гишүүн Эмүжин, З.Нарантуяа нарыг нэр дэвшүүлсэн ч нэрийг нь хасаж С.Баярцогт, Д.Оюунцэцэг нарыг оруулж ирсэн.

"Ардчилсан Нам дотор С.Баярцогт, Ц.Элбэгдорж гэсэн хоршил амь бөхтэй байна"

Ардчилсан Нам дотор С.Баярцогт, Ц.Элбэгдорж гэсэн хоршил амь бөхтэй байна. Уул уурхайн баялгийг нураах биш дэмж. Намын идэвхтнүүд маргаашаа бод. Хэчнээн удаан ялагдах гэсэн юм. Хор найруулдаг хуучин хүмүүсийнхээ гар хөлийг зайлуулахгүй бол нар үзэхгүй байна. 

Намын бүлэг дотроо фракц болчихлоо. Л.Гантөмөр дарга та намаа удирдаж чадахгүй байна. Ирэх сонгуульд ч ялагдал үнэртэж байна. Ц.Элдэгдорж оо чи одоо боль. Яасан ханаж цаддаггүй хогийн шаар вэ? Ж.Баярмаа тэр чигтээ С.Баярцогт гэж уншигдаж байгаа нь худлаа биш. 

Эм Си Эсээс санхүүжсэн жагсаалтын хэдэн хүн намаа муухай харагдуулаад эхэллээ. Тэдгээрийн нэрийг тат. Намаа хагалж байгаа хүн яаж намынхаа төлөө их хуралд суух вэ? Бузрыг яривал далай далай гэдэг шиг АН, МАН-ын сүүлийн найман жилд хуримтлагдсан бузрын араас шинэ үе эхэлж байна. 

Ардчилсан Намыг үүсгэн байгуулж, хөгжүүлсэн хүмүүсийн нүдэн дээр булшилж байна. Бид та нарыг хараад гашуудаж байна. 

Ардчилсан нам доторх Эм Си Эс-ийн бүлгээ зайлуулахыг шаардаж байна. Зарим ажлаа зөв хийж байгаа сайд нараа захиалгатайгаар нухчин дарж байна. Сонгуулийн мөнгөө босгож чадахгүй улаан цайм бизнесийн халаасанд багтах байсан юм бол яах гэж УИХ-д нэрээ дэвшүүлж суудал бөглөсөн юм. Эм Си Эсийн төлөөлөл болсон Ж.Баярмаагаа зайлуул, хариуцлага тооц. Дараа нь намынхаа бодлогыг цэгцэлж, бүлэг шиг бай" гэв.