Монгол төгрөг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 8-нд тохионо. Үүнтэй холбогдуулан аливаа улс үндэстний зоос болон мөнгөн тэмдэгтийн утга учрын талаар "Монголын зоос судлалын холбоо"-ны нарийн бичгийн дарга Ш.Мандахбаяртай ярилцлаа.
Тэрбээр 30 гаруй жилийн хугацаанд зоос, мөнгөн тэмдэгт, шуудангийн марк зэрэг түүх, соёлын өв болох чухал баримтуудыг цуглуулж яваа билээ.
- Энэхүү ярилцлагыг анх зоос цуглуулж эхэлсэн таны түүхээс эхлүүлье гэж бодож байна?
- Зоос цуглуулах нь миний хүүхэд наснаас эхэлсэн сонирхол гэж болно. 1977 онд нэгдүгээр ангид ороход аав маань таван төгрөг бэлэглэж байв. Дараа нь 1986 онд есдүгээр ангид орох үед надад 1925 онд анх гүйлгээнд орсон нэг болон хоёртын жижиг мөнгийг дурсгаж байлаа.
Миний аав С.Шархүү нь эдийн засагч мэргэжилтэй хүн учраас төрөл бүрийн зүйлийг сонирхож, цуглуулдаг хүн юм. Би гүйлгээний жижиг зоосон мөнгийг хэрэглэдэг байсан учраас цуглуулахад хялбар байсан. 1991 онд оюутны амьдралаас гараад цалингийнхаа тодорхой хэмжээг цуглуулгадаа зориулсаар өдийг хүрчээ. Зөвхөн зоос мөнгөн тэмдэгтээс гадна маш олон зүйл цуглуулдаг. Жишээлбэл шуудангийн марк, энгэрийн тэмдэг, чүдэнзний хайрцаг гэх мэт.
- Та ямар төрлийн зоос цуглуулдаг вэ?
- Ер нь зоосыг гүйлгээний, дурсгалын, хаадын, алдаатай гэж дөрвөн ангиллаар цуглуулдаг. Хүмүүс ихэвчлэн гүйлгээний зоосыг цуглуулдаг. Жишээлбэл 1925-2001 он хүртэл нийт 67 нэр төрлийн гүйлгээний зоос гарсныг манай холбооны гишүүд сайн цуглуулсан байна.
Монголбанк 1971 оноос өнөөдрийг хүртэл жил бүр дурсгалын зоосыг худалдаанд гаргадаг. Тухайлбал 2025 онд Чингис хаан хамтлагийн ахлагч Жаргалсайханы дурсгалын зоосыг цөөн тоогоор худалдаанд гаргасан. Дурсгалын зоосыг түүхэн хүмүүс, түүхэн үйл явдал, спорт олимп, ховор ан амьтан, билгийн тооллын 12 жилд зориулсан сэдвээр гаргадаг билээ.
Дээрх 50 гаруй жилийн хугацаанд алт, мөнгө, зэс гэсэн үнэт металлын 700 гаруй дурсгалын зоос гаргасан байдаг юм. 1990 оны эхэн үеийн зооснууд сайн олдохгүй байгаа. Тиймээс гарсан цаг тухайн үед нь тогтмол авч хэвших хэрэгтэй.
Хүмүүс зоосыг сэдэвчилж цуглуулах тохиолдол их бий. Хаадын, түүхэн үйл явдалд зориулсан, спортын буюу тив дэлхийн аваргад, ховор ан амьтанд зориулсан зооснууд гэж сэдэвчилж цуглуулдаг. Ховор ан амьтанд зориулсан зоосны нүдэнд алмааз эсвэл swarovski шигтгэсэн байдаг.
- Та хэдэн төгрөгөөр үнэлэгдэх, хэр их хэмжээний зоос болон шуудангийн марк цуглуулсан бэ?
- 1995 оноос хойш тогтмол цуглуулга хийсэн учраас ийм хэмжээний гэж тоолж үзээгүй. Надад 1,000 гаруй жилийн өмнөх Их хаадын үеийн арилжааны зооснууд байгаа. Тэр зооснуудыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Маш олон зоосны цуглуулгатай учраас хэдэн төгрөгөөр үнэлэгдэхийг би сайн мэдэхгүй байна.
Алтан ордны, Ил хаант улс, Юань гүрний хаадын үед ашиглаж байсан түүхэн дурсгалт зооснууд бий. Түүх соёлын хосгүй үнэт өв учраас дуртай газраа хадгалж болохгүй. Тиймээс банканд тусгай сав баглаа, боодолтой хадгалдаг. Би зөвхөн Монголын зоосон мөнгөнүүдийг цуглуулдаггүй. Олон улсын спортын сэдэвтэй зооснуудыг цуглуулдаг. Би өөрөө буудлагын спортын хүн учраас тэмцээн уралдаанд оролцох үеэр гадаадын тамирчидтай солилцоо хийж, цуглуулгаа арвижуулдаг.
- Зооснуудыг хаанаас цуглуулах боломжтой вэ?
- Зөвхөн монголчууд л өөрсдийнхөө зоосыг цуглуулдаг хэмээн өрөөсгөл ойлгож болохгүй. Монголбанкнаас жил бүр гаргаж буй дурсгалын зооснуудыг гадаадын цуглуулагч нар авдаг. Манай Монголын зоос судлалын холбооны гишүүд 2020 онд Германд болсон зоосны олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцсон. Энэ үеэр цуглуулгаа дорвитойхон нэмсэн шүү. Иймэрхүү олон улсын үзэсгэлэнгийн үеэр урьд хожид үзэгдээгүй ховор зооснууд гарах нь элбэг.
Манай холбооны гишүүд долоо хоног бүр уулзаж, зоосны солилцоо, арилжаа явуулдаг. Энэ нь зоос цуглуулагч хүмүүсийн хувьд чухал үйл явдал.
Зоосыг цуглуулаад байх нь чухал биш. Судалгаанд оруулж олон нийтэд таниулах нь чухал. Бас хадгалалтыг стандартын дагуу хийх ёстой. Зоос цуглуулах нь хүнд хуримтлал үүсгэх, тогтмол хадгаламжтай болоход тусалдаг. Мөн хөрөнгө оруулалтын шинжтэй зүйл. Жишээлбэл одоогийн байдлаар дэлхийн зах зээлд алтны үнэ өсөж байна. Үүнийг дагаад алтан зоосны үнэ өсөж байдаг.
- Зоос цуглуулахын гол үнэ цэн, утга учир юунд байдаг вэ. Энгийн хүний нүдээр харвал хэзээ ашиглагдах нь мэдэгдэхгүй зооснууд байна. Үүнийг олон зуун жил хадгалж авч явахын ач холбогдлын талаар та ярина уу?
- Зоос бол түүхийн өв юм. Монгол Улсын мандан бадарч, буурч явсан түүхийг гэрчлэх биет баримт гэж болно. Тухайн улсын сүлд, нэр, бичиг, тооны өөрчлөлтүүд нь зоосон дээр буусан байдаг. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж, хойч үедээ өвлүүлэхийг хүсдэг.
Өөрийнхөө сонирхлоор цуглуулж эхэлсэн нэг жижиг зоос олон жилийн турш хуримтлагдсаар улсын баялаг, түүхийг бүрдүүлдэг юм.
- Монгол төгрөг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ 2025 онд тохионо. Танд Монголын анхны гүйлгээнд гарсан төгрөг байгаа гэж сонссон. Энэ талаар түүхийн мэдээлэл хуваалцана уу?
- Монголчуудын хувьд зоосны баялаг түүхтэй ард түмэн. Зоос, мөнгөн тэмдэгт, шуудангийн марк гэдэг бол аливаа улсын эдийн засгийн тусгаар тогтнолын бэлгэдэл юм.
Тухайлбал 1911 онд Манжийн эрхшээлээс салах үед манай улсад үндэсний мөнгөн тэмдэгт гэх зүйл байгаагүй. Тусгаар улс болсон учраас өөрийн гэсэн үндэсний банк, мөнгөн тэмдэгттэй болох ажлуудыг эхлүүлсэн байдаг.
1921 онд Богд хааны зарлигаар зөвшөөрөгдсөн “Бага болзоот” нэртэй улсын зээллэгээг зургаан сарын хугацаатай гаргасан нь мөнгөн тэмдэгтийн үүргийг 1923 он хүртэл гүйцэтгэсэн байна. 1921 онд Ардын засгийн газраас одоогийн ОХУ-д захиалан хийлгэсэн монгол долларын дэвсгэрт нь Сангийн яамны сайд Солийн Данзангийн гарын үсэгтэй байсан учир “Данзангийн доллар” гэх болсон. Гэвч зарим шалтгааны улмаас уул мөнгөн тэмдэгт гүйлгээнд гараагүй юм.
- Бүгд найрамдах засаглалтай улсын мөнгөн тэмдэгт гэдэг утгаараа 1925 оны төгрөг маш чухал ач холбогдолтой юм байна. Мөн 1,000 гаруй жилийн өмнөх Хаадын зоосыг харахад түүхээр аялсан юм шиг мэдрэмж авлаа.
би энэ хүртэл цуглуулсан зоос, мөнгөн тэмдэгтүүд, шуудангийн маркуудыг хараад улсынхаа түүхийг давхар цуглуулж байна хэмээн өөртөө баярладаг
- Хоёулаа 1,000 гаруй жилийн өмнөх үйл явдлыг юу ч харахгүйгээр ярих нэг өөр. Ядаж тухайн үеийн нэг ширхэг зоосыг урдаа гаргаж тавиад ярилцах бас нэг өөр зүйл. Мөнгөн тэмдэгтийг улсын нэр, сүлд өөрчлөгдөх бүрд дагаад шинэчилж явдаг. 1992 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж мөнгөн тэмдэгтээ шинэчилсэн.
Аливаа улсын түүхэн үйл явдал бүр зоос болон мөнгөн тэмдэгт дээр тусгагдаж байдаг. Тэгэхээр би энэ хүртэл цуглуулсан зоос, шуудангийн марк, мөнгөн тэмдэгтүүдийг хараад улсынхаа түүхийг давхар цуглуулж байна хэмээн өөртөө баярладаг. Мөн хадгаламж, хуримтлал хийх дадлыг бий болгодог гэдгийг онцгойлон ойлгох хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|