Японы мэргэжлийн бэйсболын супер од, Лос-Анжелес Дожерс багийн тоглогч Шохэй Отани гэргий Мамикогийн хамт анхны хүүхдээ өлгийдөж авсныг Бямба гарагт зарлажээ.
“Эрүүл саруул, хөөрхөн охин төрүүлсэн хайрт гэргийдээ би маш их талархаж байна. Биднийг эцэг эх болгож өгсөн охиндоо баярлалаа” гэж Отани өчигдөр Инстаграм хуудсандаа бичээд өөрсдийн охиныхоо хөлийн тавхайг атгасан байгааг харуулсан гэрэл зургийг нийтэлсэн байна.
Отани гэргийгээ төрөхөд нь хамт байх зорилгоор Баасан гарагт болсон багийнхаа тоглолтоос чөлөөлөгдсөн юм.
Тухайн өдөр Лос-Анжелес Дожерс баг Техас Рэйнжерстэй тоглож, 3:0 харьцаагаар хожсон байна.
Амралтын өдрүүдэд тэдний хооронд дахин хоёр тоглолт болох юм.
Отанигийн хувьд MLB лигийн дүрэм ёсоор гурав хоног чөлөөлөгдөх ёстой бөгөөд үүнээс хэтэрвэл хэсэг хугацаанд тэмцээнд оролцох боломжгүй болно.
Отанийг энэ долоо хоногийг дуусгаад буцаж ирнэ гэсэн хүлээлттэй байгаагаа Дожерсын менежэр Дэйв Робертс мэдэгджээ.
“Тэр бол хувийн амьдралаа маш сайн зохион байгуулагч, нойрондоо харам хүн. Хүүхэдтэй болсны дараа энэ байдал яаж өөрчлөгдөх нь сонирхол татаж байна” гэж Робертс энэ үеэр ярьсан байна.
Японы сагсан бөмбөгийн лигийн Fujitsu Red Wave багийн тоглогч асан Мамико Танакатай гэрлэж байгаагаа Отани 2024 оны хоёрдугаар сард анх зарлаж байв.
Эхэндээ тэд харилцаагаа ихэд нууцалж байсан ч удалгүй хамт авхуулсан гэрэл зураг нь нийтэд ил болсон юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Отани, Мамико нар хүүхэдтэй болох гэж байгаагаа зарлаж байжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
|