Украинд олзлогдсон Хятадын хоёр иргэн фронтын шугамд хууртагдаж очсоноо сэтгүүлчдэд ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс Оросын талд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолсноо Киевийн эрх баригчид зарлаж байв.

Даваа гарагт тэд Киев хотод зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд оролцохдоо ямар зам туулсан талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй ярьжээ.

Тэдний нэг 34 настай Ван Гуанжунь эхлээд цэргүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийх зорилготой Оросын армитай гэрээ байгуулсан ч сүүлд фронтын шугамд илгээгдсэнээ ярьсан байна.

“Оргох ямар ч боломжгүй байсан. Бэлтгэлийн баазад байх үед байнгын харуул хамгаалалттай, бүр шөнө жорлон ороход хүртэл буутай цэрэг дагадаг байсан. Оргож чадсан ч Орос даяар цэргийн цагдаа нар дүүрэн байгаа тул баригдахгүй байх боломжгүй” гэж Ван ярьжээ.

Олзлогдсон хоёрын нэг 27 настай Жан Рэнбао өмнө нь Шанхай хотод гал сөнөөгч, аврагчаар ажиллаж байгаад сарын 280,000 рублийн ($3,400) цалинтай ажлын зарын дагуу ОХУ-д очсон байна.

Тэдний гар утсыг хурааж, гадаад ертөнцтэй харилцах ямар ч боломжгүй нөхцөлд хорьж, орос хэл мэдэхгүй тул офицеруудтай зөвхөн дохио зангаагаар харилцаж байсан гэнэ.

Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Ван хэсэг цэргүүдийн хамт Донецкийн фронтын хойд хэсэгт илгээгдээд байхдаа Украины талд олзлогджээ.

“Тэнгэрт тоо томшгүй олон дрон нисэлдэж, хамт явсан цэргүүдийн нэлээд хэсэг алагдахад үлдсэн хэд нь бууж өгсөн” гэж тэр ярьсан байна.

Жан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард жуулчны шугамаар Москвад ирж, хэсэг ажил хайж байгаад Донецк руу нэг сарын хугацаатай илгээгджээ.

Тэрбээр мөн адил хэсэг цэргүүдийн хамт фронтын шугамд очоод Украины дроны халдлагаас зугтаж байгаад олзлогдсон гэнэ.

Олзлогдсон хоёр өөрсдийг нь шилжүүлж авах талаар Хятадын засгийн газар хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байгаагаа Украины болон олон улсын сэтгүүлчдэд илэрхийлжээ.

Хятадын 150 гаруй иргэн Оросын армид байгаа гэсэн тагнуулын мэдээлэл авснаа Украины тал өнгөрсөн долоо хоногт зарласан.

Харин Бээжингийн эрх баригчид Украины фронтод албан ёсоор цэрэг илгээснээ үгүйсгэж, ард иргэддээ дэлхийн дайн мөргөлдөөнтэй бүс нутгуудаас хол байхыг үргэлж анхааруулдгийг мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ХАХА
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа