УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 4-р сарын 15-ны өдөр “Тэрбум долларын асуулт – Монголын аялал жуулчлалын ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч Д. Гантөмөр, Монголын Хөтөч Тур ХХК ба Хөтөч Боловсролын Төвийн гүйцэтгэх захирал Ч.Буянбадрах, Солонго-Хонх Солонгос Хөтөчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Оюун-Эрдэнэ, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны ТУЗ-ийн тэргүүн Б.Золбадрал нар оролцож, АмЧам Монголын ТУЗ-ийн тэргүүн Р.Коппа хэлэлцүүлгийг удирдан явуулав.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар панелистууд санал солилцож, хувийн хэвшил салбарын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцүүлэг өрнөлөө.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо ТББ-ын ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ “Монголд аялахаар ирж буй жуулчдын 60 гаруй хувь нь хөтөлбөр багцалсан аяллаар ирж байна. Дунджаар 10-12 хоногт аялаад нутаг буцдаг. Тэдгээрийн хажуугаар хувиараа аялж буй жуулчдад и-коммерс хүчтэй нөлөөлдөг дүр зурагтай байна.
Эдгээр бүх жуулчдын эдийн засгийн үр өгөөжийг тооцдог аргаар харвал тоон үзүүлэлт харьцангуй сул харагдаж байна. Нөгөөтээгүүр цаана нь сайжруулах, ахиулах маш том боломж бий ч гэж ойлгож болно. Гагцхүү бид статистик, тоон мэдээллээ мэргэжлийн буюу оновчтой, үнэн зөв болгох шаардлагатай. Засгийн газраас баримтлах бодлого нь ерөнхийлсөн бус сегмент бүрд тус тусад нь чиглэсэн бодлого, зохицуулалт энэ салбарт үгүйлэгдэж байна” хэмээв.
“Монголын Хөтөч Тур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Буянбадрах онцлохдоо “2024 онд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 809 мянга гаруй гэсэн тоо баримт дэлгэгдсэн. Бидний ажлын хүрээнд 21 аймгууд дээр хийгдсэн бүртгэл, журналаас харахад хоёр дахин бага буюу 400 мянга гаруй жуулчид бүртгэгдсэн байна. Тухайн жуулчин ямар зорилгоор Монгол Улс руу нэвтэрсэн, хэдэн удаа хилээр орж гарсан зэрэг тоо баримтуудын давхардсан утга нь тоо, статистикт зөрүү үүсгэх тохиолдол бий.
Цаашлаад тэдгээр ирсэн гэх жуулчдын тоон дээр суурилж, нэг жуулчин хэдий хэмжээний мөнгө зарцуулсан тооцоо гардаг. 2024 онд аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.доллар давсан гэж байгаа нь ирсэн жуулчдын алдаатай тоог өмнөх жилүүдийн, тухайлбал 2019 онд хийгдсэн нарийвчилсан судалгаан дээр бүртгэсэн дүн буюу 2048 ам.долларыг дунджаар зарцуулсныг үржүүлсэнтэй дүнтэй дөхөөд байгаа нь асуудлын зангилаа байна гэж ойлгож байгаа.
Салбарын хөгжил, аялал жуулчлалын хөтөлбөр тал дээр бид илүү их анхаарах хэрэгтэй. Аль улсын, ямар бүс нутгаас айлчилж буй гэдгийг урьдчилан мэдэж, жуулчин бүрийн сонирхол, нийцэлд тохируулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ заавал санал болгох хэрэгтэй” гэж хэлэв.
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны ТУЗ-ийн тэргүүн Б.Золбадрал Монгол Улстай ойр улсуудаас ирж буй жуулчдын онцлог, тоо баримтуудын талаар хэлэхдээ “Азийн орнуудын жуулчид өөр өөр аяллын сонирхол, бүтэцтэй ирдэг. Хятадаас ирж буй жуулчид ихэнх тохиолдолд багаар ирж аялах жишээтэй.
Харин Солонгосоос ирэх жуулчид илүү цаг үеийн чиг хандлага, тэр дундаа сошиал медиа дээр олны анхаарлыг татсан контент, бичвэрүүдээс ихээхэн санаа авч аяллаа зохиодог. Тэдний бас нэг онцлог бол амралтын өдрүүдийг дайруулсан богино хугацаатай аялал хийх нь орон зайн хувьд бидэнтэй ойрхон байдагтай салшгүй холбоотой” гэж тайлбарлав.
Солонго-Хонх Солонгос Хөтөчдийн Холбооны гүйцэтгэх захирал Б.Оюун-Эрдэнэ салбарт тулгарч буй бэрхшээлүүдийн талаар хэлэхдээ “Жуулчны виз хамгийн амархан олгогдох учир манай улс руу нэвтэрч буй гаднын зочдын аяллын зорилгыг илүү сайн бүртгэх хэрэгтэй. Аяллын зорилго холилдоод ирэхээр хөөсөрсөн тоо баримт гарч байж болох юм. Цэвэр аялах, жуулчны журмаар ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь БНСУ-аас ирдэг гэж хэлж болно. Цаашид Монгол Улсын экспорт болон эдийн засгийг хөгжүүлэхэд манай салбар том үүрэгтэй байх бөгөөд энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд дэд бүтэц, жуулчдыг хүлээн авах хүчин чадлыг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.