Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Энэ тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улаанбурхан өвчний 200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь агаар дуслын замаар халдварладаг.
Улаанбурхнаар өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50% нь дархлаажуулалтад хамрагдаагүй, 30% нь бүрэн тунд хамрагдаагүй байна.
Хүүхдийг 9 сартайд нэг дэх тунд, хоёр настайд нь хоёр дахь тунг хийлгэж, улаанбурхан өвчний эсрэг бүрэн дархлаажуулалтад хамруулах ёстой.
Улаанбурхан өвчний эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн бол насан туршийн дархлаа тогтдог.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэх судалгааг гаргаж, нөхөн дархлаажуулалтад хамруулж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нар E-mongolia цахим хуудсаар нэвтэрч хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгана. Хэрэв бүртгэл гарч ирэхгүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандаж вакцинд хамруулна. Вакцин хийлгэсэн тохиолдолд улаанбурханаар өвчлөхгүй" гэж мэдээллээ.
Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг хамгаалахыг тэрбээр зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!