Уншиж байна ...

Ч.Сумъяа: Төрийн гурван өндөрлөг дараалан Хятадад айлчлахаар байгаа нь хоёр улсын улс төрийн итгэлцэл өндөр түвшинд хүрснийг харуулж байна

М.Батчимэг, ikon.mn
2 цаг 37 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улс судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай "Өглөөний сонин"-ы сэтгүүлч Э.Мөнх цаг үеийн асуудлаар ярилцсаныг хүргэж байна. 


- Олон улсад шуугиантай үйл явдал өдөр болгон шахуу өрнөж байна. Судлаач хүнийхээ хувьд олон улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу? 

- Үндсэрхэг популистууд улс орнуудын засаг, төрийн эрхэд гарч ХХ зууны II дайн, хүйтэн дайны төгсгөл, Covid-19 цар тахлын дараах олон улсын тогтсон дэг журам уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь дэлхий дахинд мэдрэгдсээр байна. Сүүлийн үеийн жишээ гэхэд Доналд Трамп АНУ-д ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноор Канад, Мексик, Грийнланд, Ойрхи Дорнод Газын зурвас, Украин Хар тэнгис орчим гэх зэрэг олон улс орон, бүс нутагт Америкийн эрх ашиг сонирхлыг дээгүүрт тавих, хамгаалахаа хүчтэй илэрхийлэх зэргээр илэрч байна.

Тэрбээр дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын системд татварын болон татварын бус хязгаарлалтууд хийх зэргээр тогтворгүй байдлыг дэвэргэж байна гэж харж байгаа. Мөн Германд Бундестаг сонгууль энэ оны хоёрдугаар сарын 23-нд болсон. Энэ нь ээлжит бус сонгууль байсан бөгөөд анх 2025 оны намар товлогдсон байсан ч (CDU, CSU) гэдэг засгийн газрын холбооны хямралаас болж хугацаанаас өмнө сонгууль явуулахад хүрсэн юм. 

- Хямралын гол шалтгааныг та хувьдаа юу гэж харж байгаа юм бэ?

- Хямралын гол шалтгаан нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-нд Сангийн сайд Кристиан Линднер огцорсон явдал гэж ойлгож байгаа. Германы улс төрийн байдал эрс хувьсан, консерватив болон хэт барууны хүчнүүд нөлөөгөө өсгөж, уламжлалт "ард түмний намууд" (CDU, CSU) суларсан байна. Германы шинэ засгийн газар эдийн засаг, цагаачлал, Европын Холбооны бодлого зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулна гэж таамаглаж байна. Зүүн Ази, Солонгосын хойгийн хоёр улс, Японд ч улс төр, эдийн засгийн сорилтууд ихээр тулгарч байгаа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гэх жил тутмын хоёр чуулга өндөрлөсөн. Эдгээр нь Хятадын улс төрийн хамгийн чухал үйл явдлуудын нэг. Энэ утгаараа Монгол Улс хөрш орны хувьд бас анхаарч байх шаардлагатай.

- 2025 он гараад Монгол Улсын гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна гэж харж байна вэ?

- Энэ он бол түүхийн хувьд онцгой жил. Өөрөөр хэлбэл дэлхийн II дайн төгсгөл болсны 80 жилийн ой тохиож байна. Олон улс оронд дайны хор уршгийг танин мэдүүлэх, цэргийн хүчээ гайхуулах баярын жагсаал зэрэг арга хэмжээнүүд ирэх саруудад зохиогдохоор байгаа. Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээр сарын дундуур Турк улсад айлчлал хийсэн. Цэрэг стратеги, түүх соёл нийгэм эдийн засгийн олон салбаруудад хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурсан.

Турк улсын дэмжлэгтэйгээр сумны болоод дроны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн талаар салбарын сайд нь тухайн үед мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч энэ жилийн хувьд Польш, Орос, Энэтхэг зэрэг орнуудад айлчлахаар төлөвлөгдөж байгаа бололтой. Тэрбээр Польш улсад ч төрийн айлчлал хийсэн. Мөн Хятад, Туркменистан, Япон зэрэг орнуудаас Монгол Улсад айлчлахаар өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр байна. Зуны саруудад наадмын үеэр олон улсын зочид төлөөлөгчид айлчлахаар төлөвлөж байгааг харахаар манай “Naadam diplomacy” бас чамгүй амжилттай хэрэгжиж байна уу даа гэж харж байгаа.

- Ерөнхийлөгчийн хувьд ийм байж. Харин Ерөнхий сайдын айлчлалын ач холбогдол, үр дүнгийн талаар ярихгүй юу. Мөн УИХ-ын дарга ч урд хөршид айлчлаад ирсэн шүү дээ...?

- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харбин хотод өнгөрсөн хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. УИХ- ын дарга Д.Амарбаясгалан мөн албан ёсны айлчлал хийсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн хоёр нь 10 хоног хүрэхгүй хугацаанд өмнөд хөршид айлчилсан нь хоёр улсын улс төрийн итгэлцэл, харилцааны түвшин өндөр түвшинд хүрснийг харуулж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бээжин хотод айлчлах үеэр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лөжи Чөлөөлөх дайны 80 жилийн ой, Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын ойг өргөн тэмдэглэн өнгөрүүлэх талаар уулзалт хэлэлцээний үеэр ярилцсан байна.

Ерөнхий сайдын болон УИХ-ын даргын эдгээр айлчлалуудын хүрээнд боомт, дэд бүтцийн хамтын ажиллагааны “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсантай холбогдуулан ойрын хугацаанд парламентаар холбогдох хуулийг соёрхон батлан, бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар ярилцсан. Үүнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлэх, мөн Булган-Такашикен боомтын өргөтгөл, баруун бүсэд худалдаа, эдийн засгийн хоёр дахь боомтыг байгуулах зэргээр талууд тохиролцсон.

- Ирэх намар Хятадад ШХАБ-ын хурал болно. Үүнд мэдээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очно байх...?

-  ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалт Тяньжин хотод болно. Хятад улс 2024-2025 онд ШХАБ-ыг даргалах болсон. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын  зөвлөлийн XXV хурлыг Хятадад зохион байгуулахаар яригдаж байгаа. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев энэ оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан Хятад улсад зохион байгуулагдахаар бэлтгэл ажил төлөвлөгдсөн талаар мэдэгдсэн. Уг хурал нь БНХАУ Чөлөөлөх дайны 80 жилийн ой, Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын ойг өргөн тэмдэглэн өнгөрүүлэх цаг хугацаатай давхцаж байгаа. Тэр утгаараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин зэрэг олон орны удирдагчид Бээжинд айлчлахаар байна.

Ер нь улс орнуудаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл манай улс цөөнгүй авдаг. Түүнийхээ үр ашгийг гаргасан зүйл байна уу гэвэл ховор болов уу. Тиймээс цаашид эдгээр хөрөнгийг үр ашигтай, бодитой зүйлд зарцуулах тал дээр эрх баригчид анхаарах хэрэгтэй.

- Япон улсаас манай улсад буцалтгүй тусламж олгосон. Яг хэдий хэмжээний хөрөнгийн тусламж олгосон юм бэ?

- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны эхээр Оман, Герман, Япон зэрэг орнуудад айлчилсан. Тус айлчлалаар, Япон улс Монгол Улсын дэд бүтцийг сайжруулахад туслах зорилгоор 545 сая иен буюу 3.7 сая ам.доллар буцалтгүй тусламж үзүүлэхээ амласан. Энэ бол бага мөнгө биш. Ер нь улс орнуудаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл манай улс цөөнгүй авдаг. Түүнийхээ үр ашгийг гаргасан зүйл байна уу гэвэл ховор болов уу. Тиймээс цаашид эдгээр хөрөнгийг үр ашигтай, бодитой зүйлд зарцуулах тал дээр эрх баригчид анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, энэхүү айлчлал нь энэ зун Монголд хийх Японы Эзэн хаан Нарухитогын анхны түүхэн өндөр дээд хэмжээний айлчлалын бэлтгэлийг хангуулах эхлэл болж өглөө.

Энэ удаагийн Японд хийсэн айлчлалын гол зорилго нь аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон дээд түвшний уулзалтуудаар Монгол-Японы стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг "холбоос" болгон Монголын "Гуравдагч хөршийн бодлого"-ыг Японы "Энэтхэг-Номхон далайн алсын хараа"-тай уялдуулахад оршиж байна.

Монгол нь Хятад, Орос хоёр том гүрний дунд орших далайд гарцгүй орон бөгөөд худалдаа, тээвэр зэрэг салбарт эдгээр орнуудаас ихээхэн хамааралтай байсаар ирсэн. Энэхүү хамаарлаас үүдэлтэй эрсдэлээ бууруулах зорилгоор Монгол 1990-ээд оноос хойш "Гуравдагч хөршийн бодлого"-оо хэрэгжүүлж, Улаанбаатар Япон улсыг гол түнш орнуудын нэг болгон бусад улстай дипломат харилцаа өргөжүүлэхэд идэвхтэй ажилласан. Энэ утгаараа Монгол Улс Японы албан ёсны хөгжлийн тусламж (ODA)-г ашиглан дотоодын дэд бүтцийн төслүүдийг идэвхтэй хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөл.

Японы санхүүжилтээр хэрэгжүүлэх энэхүү төсөл нь зөвхөн нисэх буудлын үйл ажиллагааг сайжруулахаас гадна Монголыг гадаад ертөнцтэй холбох чадавхыг бүхэлд нь дээшлүүлэхэд чиглэж байна. Ийм дэд бүтцийн хамтын ажиллагаагаар Монгол Улс Хятад, Оросын эдийн засгийн хамаарал хэт нөлөөллөө багасгах, илүү олон талт эдийн засаг хөгжлийн загвар бүтээх, мөн өөрийн эдийн засгийн өөртөө тогтвортой байдал, уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.