"Ногоон автобус"-ны гэх хэргийн өчигдрийн шүүх хуралдаанд Солонгосын талаас дуудагдсан шүүгдэгчид оролцож, хэргийн нөхцөл байдлыг мэдүүлсэн юм.
Энэ үеэр "Эктэ" компанийн ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Ким Кэа Баум дараах тайлбарыг хийв.
Тэрбээр "Намайг залилан мэхлэх гэмт хэрэгт яллаж байгааг тайлбарлая.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар их хэмжээний хохирол учруулсан, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.
Яллах дүгнэлтэд "Эктэ" компанийн ерөнхийлөгч нь А.Ганхуяг, н.Эрдэнэбат нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны хоёрдугаар сарын 10-нд том оврын автобус худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх явцдаа
Дээрх буруутгалын талаар тайлбарлая.
Ким Кэа Баум миний бие болон "Эктэ" компани нь Монгол Улсын Сангийн Яамны хөрөнгө мөнгийг хууль бусаар завших, эзэмших, их хэмжээний мөнгийг гаргуулан авах санаа зорилго огт байгаагүй.
Анхнаасаа ч байгаагүй, байх ч боломжгүй юм. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тодорхой байдаг.
Жишээлбэл "Эктэ" компани болон автобус үйлдвэрлэдэг "Сэйлс моторс" компанийн зүгээс "Тэнүүн-Огоо" ХХК-д нийлүүлсэн автобусны үйлдвэрлэлтийн хуваарийг харвал анх үйлдвэрлэж эхэлсэн хугацаа нь 2023 оны тавдугаар сар гэж бичсэн байдаг.
Хамгийн гол нь "Эктэ" компанийн данс руу орсон энэ мөнгө нь гэрээний үүргийн хэрэгжилтийн нэг хэсэг болохоос биш шунахайн сэдлээр олж авсан залилан мэхлэх гэмт хэргийн үр дүнд бий болсон мөнгө биш гэдгийг эрхэм шүүх байгууллага анхааралдаа аваасай гэж хүсэж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн тайлбарлахдаа "Намайг цагаатгаж өгөөч ээ.
Дээрх баримтуудаас харахад "Эктэ" компани нь "Тэнүүн-Огоо" болон "Сэйлс моторс" компанийн хооронд дундын зуучлагчийн үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг.
Ким Кэа Баум миний бие авто инженер биш. Мөн "Эктэ" компани нь автобус үйлдвэрлэгч биш.
"Эктэ" компани нь зөвхөн дундын зуучлагч байтал үндэслэлгүйгээр Евро-2 хөдөлгүүртэй автобусанд Евро-5 гэсэн наалтыг наасан гэж яллаж байгаа нь дээрх нотлох баримтуудаар огт үндэслэлгүй гэдэг нь харагддаг юм аа.
Яллах дүгнэлтэд 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу Евро-5 хөдөлгүүртэй автобусыг нийлүүлэх үүрэг нь "Эктэ" компанид байдаггүй. Уг гэрээ, техникийн үзүүлэлт болон автобусны моторыг өөрчилсөн, Монгол Улсын тодорхой хуулиудыг зөрчсөн гэж ялласан.
Учир нь нэгэнт сонгон шалгаруулалт болсон. ААН шалгарсны дараа техникийн үзүүлэлтийг өөрчилж байгаа нь Солонгос улсад ч, Монгол Улсад ч тийм байх боломжгүй, хууль зөрчсөн үйлдэл гэж ойлгож байна.
Жишээ нь Солонгост сонгон шалгаруулалтаар улс гэрээ хийсний дараа техникийн үзүүлэлтийг өөрчлөх боломж хуулиараа байдаггүй.
Хэрвээ төрийн албан хаагч дур мэдэн техникийн нөхцөлийг санаатайгаар өөрчилсөн бол албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцогддог.
Худалдан авагч тал ийнхүү "Нэмэлтээр тоног төхөөрөмж суурилуулаад өг" гэснийг Засгийн газрыг хуурах санаа зорилготой байсан гэж бодохгүй байна.
Мөн автобусны мотор дээр латинаар DE08TIS гэсэн тоот дугаар байдаг. Энэ дугаар нь моторын нэр гэж явдаг. Моторын энэ нэр албан ёсны бүх бичиг баримт дээр бичээстэй байдаг. Олон улсад ашиглагддаг дахин давтагддаггүй дугаар.
Олон улсын гаалийн системд Евро-2 гэдгээр бүртгэлтэй байдаг. Олон улсын гаалийн нэгдсэн системд холбогдсон. Монгол Улсын гааль дээр ч Евро-2 гэдгээр бүртгэлтэй байгаа" гэв.
Мөн "Эктэ болон "Тэнүүн-Огоо" компани усан онгоцонд тээвэрлэлт нь давхцаагүй зөвхөн Вьетнам дахь боомт дээр хүргэх нэр бүхий нөхцөлтэй худалдааны гэрээ байдаг.
Манай компанийн хувьд автобусыг Вьетнамын боомт дээр "Тэнүүн-Огоо" буюу худалдан авагч талын заасан галт тэргэнд ачихад шилжүүлэн өгснөөр үүрэг дуусгавар болж байгаа юм.
"Эктэ" компанийн хувьд автобусыг үйлдвэрлэсэн Вьетнамын гааль дээр Евро-2-оор мэдүүлсэн. Мөн дамжин өнгөрсөн Хятад улсын гааль, эцсийн хүлээн авагч Монгол Улсын гааль дээр ч Евро-2 гэдгээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байдаг.
Автобус хүлээн авах ажлын хэсгийн мэдүүлэгт ч "Евро-2 мотортой автобусыг хүлээн авсан" гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан.
Энэ хэрэг явдал 2023 оны есдүгээр сарын 29-нд үүссэн. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн өдөр.
Миний хувьд Монгол Улсад орж ирсэн өдөр нь 2023 оны аравдугаар сарын 1-ний өдөр. Хэрвээ миний бие ямар нэгэн гэм буруутай үйлдэл хийсэн, гэмт хэрэг үйлдсэн байвал Монгол Улсад орж ирэхгүй байсан.
Миний огт хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр яллаж байгаа прокурорын дүгнэлт нь ямар ч үндэслэлгүй.
Гэм буруугийн асуудлыг бүрэн нотлоогүй зөвхөн яллах талын баримтуудыг барьж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасанчлан гэмт хэрэгт гэм буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна" хэмээн БНСУ-ын иргэн Ким Кэа Баум мэдүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!