Уншиж байна ...

Өмнөд Солонгосын байлдааны онгоцнууд алдаа гаргаж, иргэдийн орон сууцыг бөмбөгдсөний улмаас 15 хүн шархаджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц алдаа гаргаж, иргэдийн амины орон сууцыг бөмбөгдсөний улмаас 15 хүн гэмтэж, бэртсэн тухай Сөүлийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Өчигдөр өглөөний 10:07 цагийн үед хоёр KF-16 сөнөөгч онгоц нийт найман ширхэг MK-82 ерөнхий зориулалтын бөмбөгийг санамсаргүй сургуулилалтын талбайн гадна хаяснаас нийслэл Сөүлээс зүүн хойд зүгт оршдог Почон хотын иргэдийн суурьшлын бүсэд ийм хохирол учирсан байна.

Онгоцны нисгэгч бөмбөг хаях цэгийн координатыг буруу оруулсан нь ийм эндэгдэл гарах шалтгаан болсныг урьдчилсан байдлаар шалгаж тогтоосноо Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Хохирсон хүмүүсийн хоёрынх нь гэмтэл ноцтой байгааг бас мэдээлсэн байна. Бөмбөгдөлтийн улмаас хоёр амины орон сууц, нэг сүмийн хэсэг болон нэг ачааны автомашин сүйдсэн гэнэ.

“Осол болсон газар тулааны талбарыг санагдуулж байна” гэж Почон хотын захирагч Бэк Юн Хюн хэвлэлд ярьжээ.

зураг
 

Дээрх онгоцнууд жил бүр АНУ, Өмнөд Солонгосын хамтран зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” цэргийн сургуулилалтад оролцож байсан байна.

Өмнөд Солонгосын эрх баригчид энэхүү ослыг мөрдөн шалгаж дуусах хүртэл бүх “амьд” сум, зэвсэг ашиглах сургуулилалтыг зогсоожээ.

Зэвсэгт хүчин хохирсон иргэдээс уучлал гуйж, учруулсан хохирлоо барагдуулахаар болсон байна.

Энэ жилийн хамтарсан сургуулилалт гуравдугаар сарын 10-наас 20-ны хооронд зохион байгуулагдах хуваарьтай юм.

Жил бүрийн энэхүү ажиллагааг Умард Солонгосын дэглэм өөрийг нь дайсагнасан өдөөн хатгалга гэж үзэж, ямар нэг хариу арга хэмжээ авдаг.

2023 оны сургуулилалтад АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц оролцоход Умард Солонгосын тал баллистик пуужингаа туршиж байжээ.

 

Эх сурвалж: CNN