Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Автобусны жолооч суудлын дэргэд байршуулсан алкоголь хэмжигчээр өдөр бүр шалгуулж, ажлаа эхэлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын иргэдэд өдөрт 1,100 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилдэг байна. Эдгээр автобусанд суурилуулж буй ухаалаг төхөөрөмжүүдийг өнөөдөр танилцууллаа.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Автобусны карт уншигч төхөөрөмж нь төлбөрийн бүх төрлийн зорчих болон банкны карт, QR код унших боломжтой.

Автобусны орох болон гарах хаалганы дээр байрлуулсан хяналтын камер нь жолоочийн компьютертой холбогддог бөгөөд автобус доторх зорчигчийн хөдөлгөөн, буух, суух хөдөлгөөнийг хянадаг.

Зорчигч тоолох систем нь нийтийн тээврийн дүүргэлтийг тэнцвэржүүлэхийн тулд бодит цаг хугацаанд өгөгдлийг нэгдсэн удирдлагад дамжуулж, автобус хоорондын төлөвлөлтийг хийхэд зориулагдсан.

Жолоочийн хяналтын камер нь жолоочийг нойрмоглох, анхаарал сарних үед дохио өгнө.

Түүнчлэн жолоочийн суудлын дэргэд алкоголь хэмжигч байрлуулснаар жолооч өдөр бүр шалгуулж байж ажлаа эхэлнэ.

Автобус доторх агаарын температур, чийг, нүүрсхүчлийн хий, PM 2.5, тоос, утаа, формальдегидийн хий зэргийг хэмжих агаарын чанар хэмжигч байршуулж байна. Уг мэдрэгчийн мэдээллийг жолоочийн болон хяналтын нэгдсэн системээс хянана. 

Нийтийн тээврийн автобус доторх эдгээр бүх төхөөрөмж нь Нийтийн Тээврийн Бодлогын Газрын удирдлагын нэгдсэн систем рүү өгөгдөл дамжуулах үүрэгтэй" гэж мэдээллээ.

Автобусанд ухаалаг төхөөрөмжөөс гадна бэлэн мөнгөөр төлбөрөө төлөх хайрцаг нээлттэй байдаг болоод буй. Ингэснээр жолооч нарт бэлэн мөнгө өгдөг байдлыг таслан зогсооно гэж мэдээлж байсан юм.