Уншиж байна ...

"Сэлбэ дэд төвд газраа чөлөөлж байгаа иргэд объектоо буулгаж авч явахгүйгээр орхиж болно"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа аж.

Энэ талаар НГЗБА-ны хэлтсийн дарга Н.Мөнхбаяр "Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэсэг газар, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 158 га газрыг чөлөөлөх ажлыг гуравдугаар сарын 18-наас эхлүүлж, иргэдээс санал асууснаар 96.5% нь дэмжсэн юм. Ингээд нөхөн олговор өгч газар чөлөөлөх ажил эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 1,633 иргэнтэй гэрээ байгуулж, НЗД-ын 30 удаагийн захирамжаар 1,620 иргэний нөхөн олговрын хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд газраа чөлөөлж, талбайг цэвэрлэсэн юм. Уг газар дээр Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын эхний эхний ээлжийн блокийг барихаар тендерийг зарласан.

Сэлбэ дэд төвийн орон сууцны хорооллын трасст орж, газраа чөлөөлж байгаа иргэд объектоо буулгаж авч явахгүйгээр орхиж болно. Айлуудын үлдээсэн хог, байшингийн суурь, балгасыг нийслэлээс мэргэжлийн байгууллагаар цэвэрлүүлэх төлөвлөгөөтэй ажил" гэж мэдээлэв.

2024-2028 онд Сэлбэ дэд төвд 12,000, Баянхошуу дэд төвд 8,000 айлын орон сууцыг 2.3 их наяд төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Орон сууцнуудыг барих хөрөнгийг гадаадын бонд, хөнгөлөлттэй зээл, тусламжаар санхүүжүүлнэ гэж тооцоолсон байна.

Харин 2025 онд газар чөлөөлөлт, нөхөн олговорт 359 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.