Уншиж байна ...

APEC-ийн чуулганы үеэр биеэ зөв авч яваагүй ерөнхий сайдаа Японы иргэд шүүмжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Перу улсын нийслэл Лима хотод зохион байгуулагдсан APEC-ийн (Asia Pacific Economic Cooperation) дээд хэмжээний чуулганд оролцсон Япон улсын ерөнхий сайд Шигерү Ишиба “биеэ зөв авч яваагүй” шалтгаанаар өөрийн иргэдэд нэлээд шүүмжлүүлж байна.

Чуулганы үеийн дүрс бичлэгээс Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим зэрэг гадаад орнуудын удирдагчид уулзахаар ойртоход Ишиба ширээний ард гар утсаа шагайн сууж байгаа нь харагдаж байв.

Дараа нь Ишиба тэднийг анзаарч гар барихдаа суудлаасаа босоогүй байна.

Чуулганыг зохион байгуулагч орон Перугийн ерөнхийлөгч Дина Булартег уулзаж, гар барихад бас Ишиба суудлаасаа босоогүй нь япончуудыг бухимдуулжээ.

“Ичмээр юм. Ерөнхий сайд гэдэгтээ биш. Насанд хүрсэн хүний хувьд ч санаанд багтамгүй бүдүүлэг зан гаргаж байна” гэж сошиал сүлжээнд хүмүүс бичсэн байна.

Өөр нэг дүрс бичлэгт APEC-ийн чуулганы нээлтийн ёслолын үеэр урлагийн тоглолт үзэж буй Ишиба гараа энгэртээ зөрүүлж эвхсэн байсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан юм.

Батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишиба өнгөрсөн сард Япон улсын шинэ ерөнхий сайдаар томилогдсон.

Ерөнхий сайд болсныхоо дараа өнгөрсөн сард Лаос улсад зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн чуулганд оролцсон нь түүний ерөнхий сайдын хувиар хийсэн анхны гадаад айлчлал байв.

 

Эх сурвалж: Kyodo News