Уншиж байна ...
Зураг
Зураг

"Түгжрэлийг бууруулахад төр өөрөөс шалтгаалах арга хэмжээг хангалттай аваагүй мөртлөө иргэдийн эрхийг боомилж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход тодорхой шалгуурууд тавьдаг болсон. 

Харин энэ нь иргэдийн эрхийг боомилж, тэгш бус байдал үүсгэж байна хэмээн зарим иргэн Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-д хандлаа. 

Иргэн "2023 оны арванхоёрдугаар сард Түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Үүнд хүний эрхийг боогдуулсан зарим заалт орсон байдаг. Жишээлбэл Улаанбаатар хот дахь тээврийн хэрэгслийн тоог тогтоохыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-д олгосон. Энэ дагуу 2024 оны хоёрдугаар сард НИТХ-аас тээврийн хэрэгслийн дээд хэмжээг 730,000 байхаар тогтоосон.

Мөн нийслэлийн Засаг дарга аравдугаар сарын 23-нд тээврийн хэрэгслийн тоо 730,000-аас доош буурвал тээврийн хэрэгслийн дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно гэсэн. Эдгээр нь "Евро 4" болон түүнээс дээш, сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн зэрэг шалгууртай.

Төр засгийнхан түгжрэлийг замын хөдөлгөөнд оролцож буй иргэд л бий болгодог гэсэн хандлагаар иргэдийн эрхийг хязгаарлаж, боомилсон шийдвэрүүд гаргаад байна. Уг нь замаа хоёр давхар болгоод, Туул гол, төмөр замын доогуур, дээгүүр явдаг гүүр, гарц барьж байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байсан. Төр түгжрэлийг бууруулахад өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг аваагүй мөртлөө иргэдийн эрхийг боомилж, тэгш бус байдал үүсгэж байна. 

Би "Приус 20" машинаа сайжруулах гэхээр боломжгүй болчхож. Учир нь 730,000 нь хэтрээд 785,000 болсон гэсэн. Автомашины тоо буурч, 730,000-аас багассан тохиолдолд л дараалалд оруулж байгаад дугаар олгоно. Ингэхдээ үнэтэй машин авах бол миний урд орно, хувьдаа зогсоолтой бол бас урд орно. Энэ бол Үндсэн хуульд зааснаар иргэн бүр тэгш эрхтэй байхыг зөрчиж буй асуудал. Иймд өнгөрсөн онд батлагдсан хууль, НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийг хүний эрхийг зөрчиж байгаа тул ҮХЦ-д гомдол гаргаж байна" гэсэн юм.

"Дугаар олголтын хязгаарлалт хятад машинууд руу чиглэж байна гэж хардаж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянгол дүүргийн 30 дугаар хорооны иргэн н.Баттулга "Би дөрөвдүгээр сард банкнаас зээл аваад таньдаг дүүгээрээ машин захиалуулсан. 6-7 сар болж байж саяхан Тяньжиниас хөдөлсөн. Энэ хугацаанд банкны зээлээ төлж байгаа. Гэтэл машин ирэхээр гааль дээрээс авч болох уу, үгүй юу гэдэг асуудал гарч байна. Номер зүүхгүй бол тэр машин миний өмч биш болох гээд байна. 

Шалгуур үзүүлэлтүүд дээр би санал нийлэхгүй байна. Жишээлбэл "Нийслэл хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтооно" гэсэн байгаа. Бид НИТХ-ыг сонгосон. Гэтэл яагаад Х.Нямбаатар үүнийг шийдэх ёстой гэж. Улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа хотын хувь заяаг Х.Нямбаатар яагаад шийдэх ёстой гэж. 730,000 гэсэн тоо нь ямар учиртайг ч гайхаж байна. Тэгснээ яагаад гэнэт 785,000 болоод 55,000-аар хэтрүүлчихдэг юм бэ.

Шалгуур үзүүлэлт нь "Евро 4"-өөс дээш гэсэн. Үүнд 2023 оны 0 километртэй, 2,700 мотортой "Прадо-150" ч нийцэхгүй. Учир нь "Евро 0" гэдэг мотортой. Миний хардаж байгаагаар ерөөсөө л хятад машин руу чиглүүлж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн өөр нэгэн иргэн "20-оод насны бидний үеийн залууст энэ шийдвэр шударга бус санагдаж байна. Сүүлд насанд хүрч, сүүлд үнэмлэхтэй болсон нь бидний буруу биш шүү дээ. Одоо л нэг үнэмлэхтэй болж машинтай болох гэхээр ийм шийдвэр гарсан. Шийдвэр нь Үндсэн хуульдаа нийцэж байна уу гэдгийг шалгаад өгөөч гэж цэцэд хандаж байгаа юм. Машингүй бол хотод амьдрахад хэцүү байна. Утаатай, түгжрэлтэй хүйтэн. Энэ автобусыг нь харчих л даа" гэв.