Уншиж байна ...

Орос, Украины талууд харилцан нэгэн рүүгээ хамгийн олон дроноор довтлов

Т.Давааням, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Онцгой байдлын албаны ажилтнууд Москвад дроны халдлага болсны дараа

Ням гарагт Украины арми Оросын нийслэл Москва хотод 34 нисгэгчгүй онгоцоор довтолсон нь 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойших хамгийн том ийм халдлага болжээ.

Энэ өдөр Москвагаас гадна баруун хязгаар нутагт гурван цагийн хугацаанд Украины өөр 50 дроныг устгаснаа Оросын батлан хамгаалах яам бас мэдээлсэн байна.

Дроны халдлагын улмаас Москва хотын Домодедово, Шереметьево, Жуковскийн нисэх буудлуудад буух байсан хамгийн багадаа 36 нислэгийн чиглэлийг өөрчилсөн тухай Оросын холбооны агаарын тээврийн агентлаг мэдээлжээ.

Үүнээс гадна Москва муж орчимд нэг хүн шархадсан тухай мэдээ ирж байна.

Ням гарагийн шөнө Оросын тал бас Украины нутаг дэвсгэрт 145 дроноор довтолжээ.

Үүнийг энэ дайны турш нэг удаа хамгийн олон дроноор довтолсон тохиолдол гэж Украины албаныхан мэдээлж байна.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүч эдгээрийн 62-ыг нь устгаснаа мэдээлжээ.

Гурав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайны нэг ололт нь дрон буюу нисгэгчгүй онгоц юм.

Орос болон Украины талуудын аль аль нь шинэ дрон зохион бүтээх, худалдаж авахад ихээхэн анхаарал хандуулахын хажуугаар дроноос хамгаалах системийг хөгжүүлж байгаа.

АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа дайтагч талууд тулааны сүүлчийн үе шатандаа шилжиж байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөх Трамп сонгуулийн кампанит ажлынхаа турш Украины дайныг “24 цагийн дотор дуусгаж” чадахаа амлаж байсан юм.

Гэхдээ тэр яг ямар арга замаар ийм үр дүнд хүрэх талаараа дэлгэрэнгүй ярихгүй байгаа.

Ямартай ч тэрбээр сонгуулийн ялалтынхаа маргааш Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьж, үүнд нь тэрбумтан Илон Маск оролцсон тухай мэдээ ирж байна.

 

Эх сурвалж: Reuters