Уншиж байна ...

Пакистанд гарсан террорист халдлагын үеэр Хятадын хоёр иргэн алагджээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Карачи хотын нисэх буудлын ойролцоо гарсан террорист халдлагад хоёр иргэн нь алагдаж, нэг иргэн нь шархадсан тухай Пакистан дахь Хятадын элчин сайдын яам өнөөдөр өглөө мэдээлжээ.

Ням гарагийн өглөөний 11:00 цагийн үед Карачи хотын Жинна Олон Улсын Нисэх буудал руу явж байсан автомашины цуваанд зэвсэгт этгээдүүд халдсан байна.

Цуваанд Хятадын Port Qasim Electric Power компанийн ажилтнууд явж байжээ.

Халдлагын улмаас цуваанд явсан дөрвөн автомашин бүрэн шатаж, нийтдээ 10 хүн шархадсан тухай Пакистаны албаныхан мэдээлсэн байна.

Тус улс дахь Хятадын элчин сайдын яам “террорист халдлага”-ыг хүчтэй буруушааж, иргэдийнх нь аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авах, халдлагыг мөрдөн шалгаж, үйлдсэн этгээдүүдийг хатуу шийтгэхийг Пакистаны талаас шаарджээ.

Халдлагыг хүчтэй тэсрэх бөмбөг ашиглан үйлдсэнээ Балучистаны Чөлөөлөх Арми хэмээх зэвсэгт бүлэглэл хүлээсэн байна.

Тус бүлэглэл Иран, Афганистантай хил залгаа Пакистаны хамгийн том бөгөөд хүн ам хамгийн сийрэг суудаг Балучистан мужийг тусгаар тогтнуулах зорилготой тэмцдэг.

Пакистаны засгийн газар энэ бүлэглэлийн үйл ажиллагааг хориглосон байдаг юм.

Балучистаны салан тусгаарлагчид Хятад улсын ашиг сонирхолд аюул учруулдаг нь учиртай.

Хятад улс Арабын тэнгис дэх Гвадар боомтын дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлдэг. Салан тусгаарлагчид үүнийг нь "Балучистан мужийн баялгийг Пакистаны эрх баригчид цөлмөхөд Хятад улс тусалж байна" гэж буруутгадаг юм.

Энэ оны гуравдугаар сард Дасу усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан Хятадын таван инженер, Пакистаны нэг иргэн Балучистаны салан тусгаарлагчдын гарт алагдаж байв.

2021 онд энд бас нэг халдлага гарахад Хятадын есөн инженер амиа алдаж байжээ.

Балучистаны салан тусгаарлагчид бас Карачи хот дахь Хятадын консулын газарт халдаж байв.

Port Qasim нь Карачи хотын ойролцоо хоёр цахилгаан станц байгуулах зорилготой Хятад улсын санхүүжүүлсэн төсөл юм.

Перс хэлтэй 10 сая орчим балучи үндэстэн байдгийн ихэнх нь Пакистан, Иран, Афганистаныг хамарсан уугуул нутагтаа оршин суудаг.

Бээжингийн эрх баригчид “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээнд Ази тивийн олон орны дэд бүтцийн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулсан. Эдгээрээс Пакистан улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй төслүүдэд хамгийн их бэрхшээл тулгарч байгаа юм.

 

Эх сурвалж: Aljazeera