Зураг
Зураг
Индэр    
2024 оны 10 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Бат-Эрдэнэ: 21 аймагт тархан суурьшсан байж дагуул хот байгуулна гэвэл дахиад нэг аймгийн төв л нэмнэ. Тэр мөнгөөрөө гэр хорооллоо хөгжүүл

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намрын сүүл сараас эхлээд УТАА улаанбаатарчуудын "зүрхэнд шар ус хуруулдаг". Ялангуяа өвлийн дунд саруудын өтгөн утаа хоолой хорсгож, ханиад хүрвэл хэсэгтээ антибиотикоор "хооллох" шаардлагатай болно. Бид энэ байдалдаа бараг л дасжээ. Хэдийгээр олон шийдлийг мэргэжлийн хүмүүс санал болгож, ярьсаар буй ч сайжруулсан түлшээ түлсээр, угаартаж амиа алдсаар.

Энгийнээр бодоход аливааг шатааж л байгаа бол утаа гарах нь тодорхой. Түлшээ сайжруулаад олигтой үр дүн үзээгүй, харин ч угаарын хийн цочмог хордлого 50 дахин нэмэгдсэн гэх үр дагавартай тулав.

Яндангаа бууруулахаас өөрөөр утаа арилахгүй нь ойлгомжтой тул түлш хэрэглэхгүйгээр эрчим хүч хэмнэн, хашаандаа сайхан амьдрах шийдлийг түгээн дэлгэрүүлж буй "Hybrid house" ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

- Бид утаагаа ярьсаар дахиад нэг өвөлтэй золгох гэж байна. Орон сууцжуулах бодлого хэрэгжүүлсэн ч гэр хороолол тэлсээр. Тэгэхээр манай энэ онцлог нөхцөлд ямар шийдэл танд оновчтой харагдаж байна вэ?

- Утааг богино хугацаанд бууруулах арга арга бий. Бид хамгийн олуулаа нэг төрлийн сууц буюу монгол гэрт амьдарч байна. Үүнийгээ утаагүй болгох нь чухал. Монгол гэр нь 18 метрийн радиустай, 54-55 м.куб агаарын эзлэхүүнтэй. Ижил стандарттай учраас адилхан дулаалж, нэг стандартын халаагуураар халаах ёстой. Нэг стандартын халаалтаар халааснаар хэр хэмжээний нөөц шаардлагатай вэ, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах хэрэгтэйг нь тооцоолж болно.

Байшинг дулаалах нь зөв боловч бүх байшин өөр өөр хэмжээтэй, дулааны алдагдал нь харилцан адилгүй тул нэгбүрчлэн дулаалах нь нэгдүгээрт асар өндөр зардалтай. Хоёрдугаарт хугацаа их шаардана. 

Улаанбаатар хотын гэр хороололд 220,000 өрх амьдарч байгаагийн 92,000 буюу 42 хувь нь монгол гэрт амьдардаг. Приус машиныг өвөлдөө нэг ижил дулаалгаар хучдаг шиг л дулаалгыг нь үйлдвэрлээд бүх монгол гэрийг дулаалж, цахилгааны халаалтад шилжүүлэхэд нэг жилийн хугацаанд л монгол гэрүүдээ дулаалж, цахилгаанаар халаах боломжтой. 

Гэр дулаалахад нэг сая гаруй төгрөг, халаагуурыг сая гаруй төгрөгөөр авна. Дунджаар 1.5 кВт цахилгаанаар нэг монгол гэрийг халаана гэж тооцвол 92,000 айлаа цахилгаанаар халаахад нийтдээ 130-140 МВт эрчим хүч хэрэгтэй. Энэ нь манай улсын нийт үйлдвэрлэлийн 10 хувьтай тэнцэнэ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц жилд 150 МВт-аар ашиглалтад ороход дөрвөн жилийн дараа 600 МВт-ын эх үүсвэртэй болно. Тэгэхээр үүнийгээ ашиглаад 150 МВт-аар нь монгол гэрүүдээ халаахад Улаанбаатарын утаа 1-2 жилд 42 хувь буурах боломж байна.

Энэ нь нийслэл хот 1, 2 дугаар сард 10, 11 дүгээр сарынх шиг агаараар амьсгална. Бид 12-2 дугаар сарын өтгөн утаагаар дахиж хэзээ ч амьсгалахгүй, аюул холдоно гэсэн үг. Аюул холдож хүүхдүүд маань антибиотикийг хоол мэт идэхээ больсны дараа бид урт хугацаандаа нийтийн болон амины орон сууц бодлогыг зөв, дэс дараалалтайгаар, нэг удирдлага гарч ирээд өөрчлөөд байдаг биш буюу жигд, төлөвлөгөөтэйгөөр тууштай хөгжүүлэх хэрэгтэй. 

- Та энэ шийдлээ нийслэлийн болон холбогдох яамны удирдлагад нь хэлдэг байх. Ямар хариу өгдөг нь сонирхолтой санагдлаа?

- 92,000 айлын гэрийг дулаалахад ойролцоогоор 92 тэрбум төгрөг хэрэгтэй. 92,000 айлыг цахилгаанаар халаахад 120-130 тэрбум төгрөг хэрэгтэй. Нийлээд 210-220 тэрбум, бүр ихээр тооцвол 250 тэрбум төгрөг. Мөн нэмээд 130-140 МВт эрчим хүч хэрэгтэй.

250 тэрбум төгрөгөөр Улаанбаатарын утааг 40-50 хувь бууруулна гэдэг нь маш бага тоо. Сайжруулсан түлшинд нэг жилд дунджаар улсаас 400 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Шатаагаад л дуусдаг. Гэтэл 250 тэрбум төгрөгөөр ердөө нэг удаагийн үйлдлээр 40-50 хувь бууруулах боломж байна.

Нэг тонн сайжруулсан түлшийг 475,000 төгрөгөөр үйлдвэрлээд 135,000 төгрөгөөр иргэддээ зардаг. Борлуулалтын цэгүүд дундаас нь 15,000 төгрөг авна. Өөрөөр хэлбэл 475,000 төгрөгөөс 135,000 төгрөгийг хасвал ойролцоогоор 340,000 төгрөгийн татаасыг нэг тонн тутамд өгч байна. Нэг өрх жилд дунджаар таван тонн сайжруулсан түлш хэрэглэдэг гэж бодвол 1.7 сая төгрөгийг жил бүр бидний төлсөн татвараас татаас болгон өгч байгаа. 1.7 саяыг 220,000 өрхдөө үржүүлбэл 400 орчим тэрбум төгрөг болно. Энэ бол жил бүр зарцуулж байгаа мөнгө. Асар их байгаа биз. 

Утааг яагаад бууруулдаггүй талаар би сайн ойлгохгүй байгаа. Сайжруулсан түлш их зарах тусам үйлдвэрлэж байгаа газарт ашигтай. Иргэдэд хямдаар зараад, зөрүүгээ шууд улсаас авчхаж байгаа учраас энэ нь илүү ашигтай байдаг байх.

250 тэрбум төгрөгөөр Улаанбаатарын утааг 40-50 хувь бууруулна гэдэг нь маш бага тоо. Сайжруулсан түлшинд нэг жилд дунджаар улсаас 400 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Шатаагаад л дуусдаг

- Агаар орчны бохирдлыг бууруулахаар та бүхний санал болгож буй өөр нэг шийдэл нь хайбрид хаус. Үүнийг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү. Хүмүүст ямар давуу талыг бий болгох юм бэ?

- Маш энгийнээр бол хайбрид хаус нь сэргээгдэх эрчим хүч. Халаалтдаа хэрэглэх байсан дулааны энергийг цахилгаан зарцуулахгүйгээр, гал түлэхгүйгээр нарны тусгалаас хуримтлуулж авч байгаа тул сэргээгдэх эрчим хүчээр халж буй байшин гэсэн үг. 

Ойролцоогоор 70 орчим м.кв талбайтай байшинд халаалтын зардал бараг гардаггүй. Гарвал жилдээ 5,000-10,000 төгрөг болно. 100-аас дээш м.кв талбайтай бол 20,000-30,000 төгрөг гарна. Тэгэхээр халаалтын зардал бараг байхгүй, нарны тусгалыг шингээн авч халаадаг, хүний хоол хийх, зурагтаа асаах, хүний биеэс гарах дулаанаар халдаг амины орон сууц юм.

- Нэг үеэ бодвол сайн технологийг нутагшуулж байгаа олон шийдэл манай улсад байна. Гэхдээ эдгээрийг гэр хороололд амьдарч буй хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй, эсвэл мэддэг ч яаж авахаа мэдэхгүй байгаа тул та зөвлөгөө өгнө үү?

- Нэгдүгээрт иргэдийн хүсэл чухал. Хоёрдугаарт төрийн бодлого чухал. Төр оновчтой бодлого гаргаад явах ёстой байтал орон сууц гэхээр зөвхөн нийтийн орон сууцыг л ойлгож байсан. Энэ нь зөв утгаараа хэрэгжсэн үү гэвэл эргэлзээтэй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатарт 100,000 гаруй айлын орон сууц баригдсан байна. 10 жилийн өмнө нийслэлд 180,000-190,000 айл гэр хороололд амьдарч байж. 100,000 айлын орон сууц ашиглалтад орсон ч 180,000-190,000 байсан айл нь 220,000 болж өссөн. Түүнээс биш гэр хорооллын өрхийн тоо буураагүй.

"Дэд бүтэц аваачих боломжгүй хэсгүүдээ амины орон сууцжуулна, ийм бодлого хэрэгжүүлнэ гээд тодорхой хэсгээ заах ёстой"

- Орон сууцны бодлого зорилгодоо хүрэхгүй байна гэсэн үг үү?

- Баянбүрдийн ойролцоо 1,008 айлын орон сууц баригдаж байна. Түүнийг барихын тулд 50 айлын газрыг чөлөөлсөн. 50 айл нь тэр байрандаа ороход үлдсэн 958 нь гэр хорооллын айлууд орно гэж бодоход тэд бүгд хашаа байшингаа зарна. Түүнийг нь орон нутгаас ирсэн хүмүүс авна. Тэр хашааг эзэнжүүлэхгүй л бол шилжин суурьшиж, дамнан өнгөрдөг нөхцөл л үүснэ. Тэгэхээр амины орон сууцыг хөгжүүлэх шаардлага бий. 

Гэхдээ 10 жилийн өмнө нийтийн орон сууцны бодлого зөв байсан уу гэвэл тийм. Тухайн үед бидний барьсан шиг байшин байгаагүй, бохирыг 98 хувь цэвэршүүлж, дахин ашиглах хэмжээний технологиуд орж ирээгүй байлаа. Харин техник технологи хөгжчихсөн энэ үед үүндээ тохирсон хууль эрх зүйн орчноо сайжруулж, бодлогоо шинээр гаргах шаардлагатай болж байна.

Энгийнээр яривал 25 жилийн өмнө гар утас байгаагүй, суурин утсаар л харилцаа холбоо явдаг байсан. Нийтийн орон сууцнууд нь төвийн шугамаа дагаж байрладаг. 25 жилийн дараа гэхэд бид бүгд гар утсаа ашиглаад хаанаас ч утсаар яриад холбогдож чаддаг болсон шиг бидний барьж буй байшин нь төвийн шугамаас хамааралгүйгээр хаана ч хамаагүй амьдрах боломжтой болсон. 

Гар утастай л адил бие даасан. Иймээс үүнд тохирсон ипотекийн зээлийн бодлого, журам, амины орон сууцны стандарт, дэд бүтцийн нөхөн олговор зэргийг ярих цаг нь болчихсон. 

Байранд амьдарч буй айлуудад станцыг нь улс бариад өгчихсөн, төвийн шугамыг төр бариад өгчихсөн буюу бидний татварын мөнгөөр хийсэн. Ингээд бодохоор байранд амьдарч буй хүмүүс маш бага зардлаар дулаахан, бохир цэврийн асуудал нь шийдэгдсэн орчинд амьдардаг. Дэд бүтцийг нь төр хийсэн.

Атал амины орон сууц, гэр хороолол гэхээр энэ бүх зүйл байхгүй. Өөрсдөө л хийх ёстой учраас амины орон сууцны өртөг өндөр тусдаг. Орлогод нийцсэн байшинтай болох, ногоон орон сууцтай болох боломж маань хүнд болчихдог.

60 м.кв байранд амьдарч байгаа хүн дулаандаа сард 40,000 төгрөг төлөх бол ижил хэмжээний талбайтай байшинд амьдарч байгаа хүн цахилгаанаар халаавал 300,000-400,000 төгрөг, нүүрсээр халаавал татаас авлаа ч 200,000-300,000 төгрөгийн зардалтай амьдардаг. Өөрөөр хэлбэл орлогын түвшин багатай хүмүүс илүү их зардалтай амьдарч байна.

Төр иргэн бүрдээ тэгш үйлчлэх ёстой. Байранд амьдарч байгаа хүмүүст дулаан, цэвэр бохирын шугамыг нь татаж өгсөн бол гэр хороололд ч мөн тат. Гэвч энэ нь техникийн хувьд боломжгүй. Монголчуудын нэлээд боломжтой хүмүүсийн амьдардаг Зайсанд бохир цэвэр, дулааныг нь бүрэн шийдэж чадаагүй. Зайсан бол тийм ч өндөрлөг газар биш шүү дээ гэтэл Чингэлтэй уул, Дамбадаржаа, Дарь-Эх гээд өндөрлөг газруудад дулаан, бохир цэвэр нь очиход маш хэцүү. Цэвэр ус очиж болох ч бохирын шугам маш өндөр зардлаар очих боломжтой бол дулаан хэзээ ч очихгүй. Мөн асар өндөр зардал гарна.

"Service center"-ийг Улаанбаатарын хэд хэдэн газарт байгуулсан байдаг. Нэг айлын хашааны урд аваачихад 100-аас дээш сая төгрөгийн зардал гарсан. Тэрийг нь айл гэр рүүгээ оруулахад 10-20 сая төгрөг болсон. Маш өндөр өртөгтэй байгаа биз. Тэгэхээр бие даасан байдал руу шилжих нь чухал бөгөөд үүнд нөхөн олговор олгох хэрэгтэй. 

Саяхан УИХ-аас дэд бүтцийн нөхөн олговорт 30 сая төгрөг олгохоор баталсан. Гэхдээ үүнийг бохир цэвэр, дулаанаа шийдсэн бол 30 сая төгрөг олгоно гээд тодорхой болгох хэрэгтэй. 

Амины орон сууцыг хөгжүүлэхдээ

  • нэгдүгээрт дэд бүтцийн нөхөн олговрыг зайлшгүй олгоё
  • хоёрдугаарт амины орон сууцанд ипотекийн зээл гаргая.

Гэр хороололд амьдарч буй хүн байшин барихдаа яагаад заавал банк бусаас жилийн 36 хувийн хүүтэй зээл авах ёстой гэж. Гэтэл нийтийн орон сууцанд жилийн 6 хувийн хүүтэй. Зургаа дахин өндөр өртгөөр жижигхэн байшинтай болж байна. Энэ нь байшингаа хямд, чанаргүй барих нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. 

- Ипотекийн зээлийг амины орон сууцанд олгохын тулд ямар стандарт баримтлах ёстой вэ. Нийтийн орон сууцны тухайд бол улсын комисс хүлээж байсан байх зэрэг шаардлага тавьдаг шүү дээ?

- Орон сууцанд төвийн бохир цэвэр, дулаан орсон тохиолдолд ипотекийн зээл олгох журамтай. Гэвч гэр хороололд төвийн шугам очихгүй. Иймд ипотекийн зээл гарахгүй. 

Түүнчлэн хамгийн том асуудал нь Улаанбаатар хот цаашид яаж хөгжих тухай ерөнхий төлөвлөгөө байдаггүй. Хэсэгчилж төлөвлөдөг. Ерөнхий төлөвлөгөө байхгүй тул би нэг газар байшин барилаа гэхэд хэдэн жилийн дараа нураагаад оронд нь байр барьчихвал тэр баригдсан байшинг яах вэ гэдэг асуудал гарна. Мэдээж хэрэг Улаанбаатар хот олон дэд төвтэй болж, нийтийн орон сууцнууд барих нь зөв боловч дэд бүтэц аваачих ямар ч боломжгүй хэсгүүд дээрээ амины орон сууцжуулна, ийм бодлого хэрэгжүүлнэ гээд тодорхой хэсгээ заах ёстой.

Айл өрх өөрсдөө дэд бүтцээ шийдвэл нөхөн олговорт тэдэн төгрөг өгнө, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй байшин барьсан бол татвараас тэдэн хувь хөнгөлнө, яг ийм стандартыг хангасан бол ипотекийн зээл олгоно гээд нэгдсэн бодлого хэрэгтэй.

Гэр хорооллын бүсэд баригдаж байгаа нийтийн орон сууцнаас татвар авдаггүй хэр нь амины орон сууцнаас татвар авдаг. 

Гэр хороололд амьдарч буй хүн байшин барихдаа яагаад заавал банк бусаас жилийн 36 хувийн хүүтэй зээл авах ёстой гэж. Гэтэл нийтийн орон сууцанд жилийн 6 хувийн хүүтэй. Зургаа дахин өндөр өртгөөр жижигхэн байшинтай болж байна

150,000,000 төгрөгийн байшин барья гэж тооцъё. Их мэт санагдаж магадгүй. Гэхдээ татваргүй болгочихвол 135,000,000, дэд бүтцийн нөхөн олговорт 30,000,000 гэвэл 105,000,000 төгрөг үлдэнэ. Мөн "Carbon market"-аас мөнгө босгож болно. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг нь нэг айлд 20,000,000 төгрөг өгч байсан. Одоо бол бараг 10,000 ам.доллар авах боломж ч бий. Хэрэв тэр айл 10,000 ам.доллар авч чадвал 105,000,000-аас хасуулахад 70,000,000 төгрөг л үлдэхээр байгаа биз. Үүнийгээ ипотекийн зээлд хамруулбал сард 600,000-700,000 төгрөг л төлнө. Орлогод нийцсэн орон сууц гэдгийг ингэж хэрэгжүүлмээр байна. 

- "Ногоон гэр хороолол" хэлэлцүүлгийн үеэр Барилга, орон сууцжуулалтын яамнаас ирсэн төлөөлөл нь сүүлийн хоёр жилд ипотекийн зээл авсан хүмүүсийн орлого нь дунджаар 2,100,000-аас дээшээ байгаа бол гэр хорооллын өрхүүдийн 30 хувь нь л 2,000,000 төгрөгөөс дээш орлоготой байна гэж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Гэр хороололд амьдарч буй айлуудын 50-аас илүү хувь нь сард 600,000-700,000 төгрөг төлөх чадвартай. 100,000 айлыг орон сууцжуулж байх хооронд нь үлдсэн 100,000 гаруйнх нь орлого, амьжиргааны түвшин нь сайжирна. 

2,000,000 төгрөгөөс дээш орлоготой нь 30 хувийг эзэлж байна гэдэг чинь 70,000 айл гэсэн үг. Тэр 70,000 айл дээрээ шийдлээ гарга. Заавал яагаад бүр доод түвшинд байгаа хүмүүс дээрээ орон сууцны бодлогыг хүргэе гээд бүтэлгүйтээд яваад байгаа юм. Эхлээд боломжтой байгаа 70,000 айлдаа орон сууц барихад хүмүүс ажиллана, ажлын байр нэмэгдэнэ, түүнийг дагаад үлдсэн 70 хувь нь орлоготой болно. 70 хувь нь орлогогүй байгаа учраас тэдэнд зориулсан ямар шийдэл байх вэ гэдэг нь одоогоор бодох асуудал биш. 30 хувь нь хангалттай орлоготой. Тэндээ бодлогоо хэрэгжүүлэхэд түүнийг дагаад бусад нь өндийгөөд ирнэ. 

"Гэр хорооллыг гоёор хөгжүүлье, байшингуудыг нь дулаалаад явъя гэх бодол надад байсан. Гэвч..."

- Яндангүй бүсийг зарлаад ухаалаг шийдлүүдтэй байшин барьж, үр дүнгээ харуулах талаар та бүхэн ярьж байсан. Гандангийн бүс үүнд хамгийн тохиромжтой талаар ч зарим хүн байр сууриа илэрхийлсэн шүү дээ. Энэ нь зөв шийдэл байж чадах уу?

- Гандангийн дэнжийг ямар байдлаар хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Яг одоогийн байдлаар бол Гандангийн орчимд түрээслэгч нар амьдардаг. Эхлээд аялал жуулчлалын бүс байгуулах уу, өөр байдлаар хөгжүүлэх үү гэдгээ тодорхой болгосны ард айлуудтайгаа тохирно. Гэхдээ тэнд хөрөнгө оруулаад, бизнес эхлүүлэх нь одоогийн нөхцөлөөр бол ямар ч боломжгүй. Ихэнх айл нь 300-500 м.кв газартай. Тэр газрын нийт үнэ нь 200-300 сая ба түүнээс дээш. Зарим нь 500 саяар үнэлдэг. Үнэлгээ нь өндөр. Барилгын өндөр заасан бүсэд 400-500 саяар ийм жижиг газар авчхаад нам давхартай барилга бариад түүнээсээ ашиг олох боломж үнэхээр бага. Иймд хөрөнгө оруулалт татах бол давхраа өсгө, хэрэв аялал жуулчлалаар хөгжүүлэх бол татаас олгоод хэрэгжүүлэх нь зөв. 

Бид уг нь хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа. Гэтэл нэг хувийн компани хүртэл хаана амьдарч байгаагаас нь шалтгаалж хоол хүргэх эсэхээ шийддэг нийгмийг бүтээчхэж

Газраа үнэлж байгаа хүмүүсийн буруу биш. Гандан бол хотын А бүстэй хамгийн ойр, байршил сайтай боловч хэт өндөр үнэлэх нь буруу. 

Улаанбаатар хот ямар ч төлөвлөлтгүй байгаа нь л том алдаа. Гэр хорооллыг гоёор хөгжүүлье, байшингуудыг нь дулаалаад явъя гэх бодол надад байсан. Гэвч ийм замбараагүй, ямар ч зохион байгуулалтгүй, түргэний болон галын машин орох замгүй мухар орчинд мөнгө оруулах тусам байшин өндөр өртөгтэй болно, дахин төлөвлөе гэхэд байшинд анх оруулсан хөрөнгөө хоёр дахин үржүүлэхээс өөр аргагүй. Иймд хөрөнгө оруулах тусмаа л асуудал үүснэ.

- Тиймээс л та монгол гэрийг дулаалах нь оновчтой гэж үзжээ?

- Тийм. Гэрээ хаашаа бол хаашаа зөөх боломжтой учраас. Зах зээлийн зарчмаар үнэлэгдээд, эргэлтэд орох байшин гэр хороололд ховор. Цаг хугацаа, ашиглалт, стандарт нь тааруу байгаа энэ үед л шинэчлэн зохион байгуулах том боломж байна. 

- Хот тэлсээр байна. Дагуул хотууд байгуулах талаар ч ид яригдаж байгаа. Ийм үед амины орон сууцны бүс болгон зарлаж, хөгжүүлэх боломжтой бүс хаана вэ?

- Улаанбаатарын гэр хороолол.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Би дагуул хот байгуулах төслийг эсэргүүцдэг хүн. Дагуул хотыг Хөшигийн хөндийд, Богд уулыг нүхлээд Төв аймагт ч юм уу байгуулах гээд байна. Бид бүх том асуудлаа шийдчихсэн байгаад, технологийн хувьд гаргалгаануудаа гаргаад ашиглаад гүйцчихсэн үү? Түгжрэл, утаа нь хүний тоо олон байгаагаас болсон болоод байгаа юу? Эдгээр асуултын хариулт нь бүгд ҮГҮЙ шүү дээ.

Монгол Улс хангалттай тархмал. 21 аймаг 330 сумаар тархчихсан. Сумууд хэтэрхий цөөн хүнтэй, зах зээлийн боломжгүй. Аймгууд 20,000-30,000 хүнтэй. Ингэж тархсан байж дахиад дагуул хот байгуулна гэвэл дахин нэг аймгийн төв л байхгүй юу. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт "Elysium" гэж киног хүмүүс үзээсэй гэж боддог. Тэр кинон дээр дэлхий ядуусаар дүүрээд, баячууд дэлхийн дээд хэсэг хиймэл гараг үүсгэчихсэн байдаг. Тэндээ баячууд хангалуун сайхан амьдардаг, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжчихсөн. Харин ядуус нь дэлхийдээ ажиллаж, баячууд тэднийг боолчилдог. Чанартай сургууль, сайн эмнэлгүүд нь бүнд хиймэл гарагтаа оччихсон байдаг. Яг ийм байдал Монголд үүслээ. Эмнэлэг, сургуулиуд хотын урд хэсэгт байна. Тэгвэл 100 айлаас хойшоо шүдний эмнэлэг хайвал олдохгүй. Эмийн сан ч хэцүү. Гоё хоолны газар ч олоход хэцүү. "Elysium"-д гардаг байдал манай нийгэмд бодитоор бий болчихсон байгаа биз. Хүргэлтийн хоолнууд ч хойд хэсгийн гэр хороололд очихгүй шүү дээ. Бид уг нь хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа. Гэтэл нэг хувийн компани хүртэл хаана амьдарч байгаагаас нь шалтгаалж хоол хүргэх эсэхээ шийддэг нийгмийг бүтээчхэж. 

Дагуул хот байгуулахын тухайд ярья. Бидний төлсөн татварын асар их хөрөнгөөр Богд уулаа нүхлээд, нийтийн хуримтлуулсан мөнгөөр тийш нь дэд бүтэц татаад тэнд гоё газар байгуулахад хотын төвд байсан зүйлс бүгд холдчихно. Бүр алслагдана. Уг нь тэр мөнгө хотын хойд хэсэгт очих ёстой шүү дээ. 

Хоёулаа өнөөдөр хотын төв хэсэгт, талбайн урдхан талд сууж байна. Энэ талбайгаас хоёрхон километрийн зайд монголчуудын бор амьдрал бий. Тиймээс Д.Сүхбаатарын талбай нь онцгой ач холбогдолтой. Ямар ч засаг, ямар ч дарангуйлагч гар ирж болно. Түүнийг эсэргүүцэх ард түмнийхээ дунд байдаг нь чухал. Гэтэл энэ нь Богд уулын урд гарчихвал Богд уулыг даваад тэмцэл эсэргүүцэл очих уу? Улам л дарангуйлал тогтоно. Тэгэхээр Засгийн газрыг хэзээ ч эндээс нь нүүлгэж хэзээ ч болохгүй, дагуул хотыг байгуулж болохгүй. Дагуул хот байгуулах мөнгөөрөө гэр хорооллоо хөгжүүл.

Дэд бүтцийн нөхөн олговор 30,000,000 төгрөгийн 220,000 айлдаа үржүүлбэл 6.6 их наяд төгрөг. Манай Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 6-7 хувьтай тэнцэх мөнгө. Улаанбаатар хотын хоёр жилийн төсөв. 220,000 айлд 30, 30 сая төгрөг өгөөд, дэд бүтцийг нь шийдүүлчихвэл яндан байхгүй болно.

Утаа, хөрсний бохирдол бол орон байрны асуудлаа шийдээгүйн л үр дагавар. 300,000 монгол хүн гадаадад ажиллаж байгаа шалтгаан нь орон байртай болох. Орон байрны асуудал шийдэгдээгүйн улмаас утаа, хөрсний бохирдол, хувь хүний хөгжил, гэр бүлээрээ эх орондоо амьдрах боломж, сургууль эмнэлэг гээд бүх зүйл хөгжих бололцоог хаачихсан. Үүнийг л хамгийн түрүүнд шийдэх ёстой.

Утаа, хөрсний бохирдол бол орон байраа шийдээгүйн л үр дагавар. Үр дагавартай нь тэмцээд нэмэргүй, үндсийг нь шийдэх ёстой.

- Бараа материалын үнэ өссөн, татвар төлбөр гээд нэг байшин баригдах өртөг хэр нэмэгдэж байгаа вэ?

- Нийтийн орон сууцны нэг м.кв нь 3,000,000 төгрөг болчихсон. Амины орон сууцны үнэ 3-3.5 сая төгрөг байхаас өөр аргагүй. Учир нь нийтийн орон сууцнаас хэд дахин өндөр үнээр босдог. Илүү их материалаар баригддаг. Өртөг нь өндөр тул амины орон сууц дээр бодлого хэрэгжүүлж байж л хөгжинө. Энд бараа материалын зардлаас гадна хөдөлмөрийн зардал жин их дарна. Түрүүн хэлсэнчлэн боломжтой байгаа 30 хувь дээрээ бодлогоо хэрэгжүүлээд явахад манай улсад үйлдвэрлэл эрчимтэй хөгжинө. Блокны үйлдвэрийг ажиллагааг эрчимжүүлэх, хортон шавжид идэгдсэн ойг цэвэрлээд хавтан хийх гээд барилгын материалын үйлдвэрлэл хөгжинө, технологи үлдэнэ, чадавхтай ажилтнууд үлдэнэ. Гэхдээ бодлогоо зөв хэрэгжүүлэх нь чухал. 

Д.Сүхбаатарын талбай нь онцгой ач холбогдолтой. Ямар ч засаг, ямар ч дарангуйлагч гар ирж болно. Түүнийг эсэргүүцэх ард түмнийхээ дунд байдаг нь чухал

Манайх паарны үйлдвэртэй. Паарны үйлдвэр жилд нэг удаа л эргэлтэд ордог. Гэтэл жилийн 20 хувийн хүүтэй зээл авчхаад буцаагаад 25 хувийн ашигтай ажиллана гэж үзвэл бараг ашиггүй болж байгаа биз. Иймээс зээл авахгүйгээр ажилласан нь дээр байна. Манайд юу хамгийн сайн хөгжиж байна вэ гэвэл ченжүүд болон Төөгөө гэж хурдан ярьдаг залуугийн бизнес. Ингэлээ гээд улс хөгжихгүй. Ийм бизнесүүд хүчтэй байх тусам Монголын валют гадагшилна, төгрөгийн ханш унана. Баялаг бүтээдэггүй, хөдөлмөрлөдөггүй, том том юм ярьж суудаг залуус л бий болно. Баялаг бол гараар бүтэх зүйл. Бидний бүтээж буй баялгаар л ДНБ тодорхойлогдоно. Гэтэл бид бүтээхгүйгээр гаднаас худалдаж аваад нэгэндээ зараад хөгжихгүй шүү дээ. 

Үйлдвэрлэл, үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлоготой байж л улс хөгжинө. Банкны эх үүсвэрээр наймаачид л ажиллана. Зундаа зуны, өвөлдөө өвлийн, намартаа намрын, хавартаа хаврын гээд тэр хүнд жилд дөрвөн удаагийн эргэлт гарч байгаа учраас банкны 20 хувийн хүүтэй зээл аваад болоод байгаа. Гэтэл хүнснээс бусад үйлдвэрлэл бол жилд 1-2 удаа л эргэнэ. Тэгэхдээ 20-25 хувийн л ашиг харах боловч зээлийн хүү, татвар гэхээр Монголд юм үйлдвэрлэх нь тун хэцүү.

Үйлдвэрлэлийн зээл, хөрөнгө оруулалтын зээл гэж зүйл маш хэрэгтэй байна. Би банкуудыг үүнд буруутгаагүй. Төгрөгийн ханш унаад байгаа учраас л бодлогын хүү чангарч, банкууд хадгаламжийн хүүгээ өсгөхөд зээлийн хүү ч бас өндөр байхаас өөр аргагүй. Хувийн хэвшлийн банкуудыг буруутгах аргагүй. Бодлого гаргагчид л буруутай.

- Байгальд ээлтэй технологийн байшингийн талаар яриандаа эргэж оръё. Та түрүүн ипотекийн зээл гаргахад сардаа 600,000-700,000 төгрөгийн төлбөр төлөөд явах айл 50 хувь нь бий гэсэн. Гэхдээ урьдчилгаанд өгөх мөнгөгүй бол яах вэ?

- Газар нь барьцаа болно. Орон сууцанд ипотекийн зээл олгоход барьцаалах юмгүй учраас урьдчилгаа 30 хувийг авдаг. Харин амины орон сууцанд урьдчилгаа авах шаардлагагүй. Газар нь өөрөө барьцаа. 

Эсвэл жилийн 12 хувийн хүүтэй ногоон зээл гаргаж болно. Миний мэдэж байгаагаар Хасбанк газраар нь барьцаалаад жилийн 12 хувийн хүүтэй 200,000,000 хүртэл төгрөгийн ногоон зээл гаргаж байгаа.

Гол нь амины орон сууц стандартын дагуу баригдах ёстой. Бохир цэвэр нь стандартын дагуу байх учиртай.

  • Бохирыг 98 хувь цэвэршүүлэх
  • Усны тоноглол нь 50-аас дээш хувь ус хэмнэх
  • Суултуур нь ус бага зарцуулдаг байх
  • Эрчим хүчний хэмнэлт нь 20 хувиас доошгүй байх гэх мэтчилэнгээр шаардлагуудыг нь тодорхой заагаад, шийдэж чадсан хүмүүст 30,000,000 төгрөгийг нь өгөх ёстой. 

Байшин бэлэн болсны дараа тухайн байшин эрчим хүчийг хэр их хэмнэж байгаагаас нь шалтгаалж, зээлийн хүүг бууруулдаг байх нь зөв. 

- Улаанбаатарт хөрсний бохирдол ч мөн том асуудал. Таны ярианд хэд хэдэн удаа бохирыг 98 хувь цэвэршүүлэх гэж дурдагдлаа. Энэ талаар та дэлгэрүүлж өгнө үү?

- Манай улсын хөрсний бохирдол харьцангуй хөнгөн бөгөөд утаанаас үүдэлтэй хөрсний бохирдол бий. Дутуу шаталтын утаа нь үнс болж газарт унахад цас хар болж байна. Мөн хүмүүс үнсээ гудамжинд асгаад машин явах зам болгочихдог.

Утаагаа шийдчихвэл хөрсний бохирдол 50 хувь буурчихна. Ялгадаснаас үүсэх хөрсний бохирдлыг 98 хувь шийдэх технологи бий. 98 хувь цэвэршүүлнэ гэдэг нь шүүнэ гэсэн үг биш. Задлаад бактери үржүүлээд бактерийг бактериар нь идүүлэх технологи Монголд нэвтэрчихсэн.

"Хамгийн утаатай, хөрсний бохирдолтой, ядуу байгаа энэ хэсэг дэлхийн хамгийн ногоон бүс болох боломж байна"

- Таны оролцсон нэг нэвтрүүлгийг үзэж байхад 10 гаруйхан настайгаасаа л дулааны алдагдалгүй байшинг яаж барих талаар бодож, шийдэл эрэлхийлж эхэлсэн талаараа ярьж байсан. Энэ хугацаанд та ямар зам туулж өнөөдрийн түвшинд хүрсэн талаар уншигчдад сонирхуулбал?

- Зузаан мөсийг хагалж, зам гаргаж буй хөлөг онгоц урд хэсгээ ихээхэн гэмтээдэг. Мөсөнд цохиулна, цоорно, идэгдэнэ. Ингэж л би явж байгаа гэж боддог. "Пассив" Ганбаа ах бид нар эрчим хүчний хэмнэлттэй байшин барьж эхлэх хүртэл амины орон сууцны бодлого гэж зүйл байгаагүй. 

Эрчим хүчний хэмнэлттэй байшин бол бидний хувьд шинэ зүйл байв. Манайхан "Youtube"-ээс хараад л Европынхон шиг гоё гоё байшин барьчихна гэдэг. Гэтэл Европт өвөлдөө -40 градус хүрдэг үү, зундаа +40 градус болдог уу, жилдээ Цельсийн 80 градусын зөрүүтэй байдаг уу, газар нь гурван метр хүртэл хөлддөг үү, тэндхийн хүмүүсийн орлого хэд вэ, тэнд баригдаж буй байшингийн үнэ нь хэд вэ гээд асуух бодох зүйл их бий. Тэндхийн байшингийн нэг м.кв-ын өртөг нь 10,000,000 төгрөгөөс дээшээ шүү дээ.

Бид -40 градуст нэг м.кв 2.5-3.3 сая төгрөгт багтаах технологийг боловсруултлаа маш их зүйлийг тууллаа. Яаж орлогод нь нийцүүлэх вэ гэдэг нь бүр ч чухал. Байшин барих нэг асуудал, түүнийг яаж хүмүүсийн орлогод нийцүүлж, хэрэглүүлэх вэ гэдэгт асуудлын учир бий.

Зузаан мөстэй далайд зам гаргаж явахдаа асар их гэмтсэн. Гэтэл араас муу зам гаргасан байна, гаргасан зам нь нарийхан байна гэх мэтээр олон зүйл ярих хүн их бий. Гэхдээ зам гаргах нь чухал.

- Техник технологи эрчимтэй хөгжсөөр, шинэ шийдлүүд гарсаар байна. Та барьж буй байшиндаа технологийн ямар сайжруулалт хийж байгаагаа хуваалцана уу?

- Нэгдүгээрт би шилэн гонхноос үүссэн дулаанаа цахилгааны эрчим хүч болгон хувиргасан. Өөрөөр хэлбэл нарны толь ашиглахгүйгээр эрчим хүч үүсгэж чадаж байна. Үүнийгээ нийтэд гаргах арай болоогүй. 

Хоёрдугаарт дулаанаа хаана бол хаана аваачиж чадна. Шилэн гонхноос үүссэн дулаанаа хангалттай хэмжээнд  нөөцөлж чадна. Ингэснээр хэдэн өдрийн турш бүрхэг байхад, эсвэл гадаа -40 градусаас илүү хүйтрэхэд тэр нөөцөөрөө халаах боломжийг үүсгэж байгаа юм.

Байшингаа дараагийн түвшинд гаргах технологийн шийдлүүдээ хийчихсэн. Гол нь би гаргалаа, хийлээ гэхэд хүмүүс дуурайна, агуулгыг нь алдуулна, энэ технологи бүрэн хэрэгжээд нийтийн хүртээл болох боломж нь хязгаарлагдана. 

Айл өрх өөрсдөө дэд бүтцээ шийдвэл нөхөн олговорт тэдэн төгрөг өгнө, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй байшин барьсан бол татвараас тэдэн хувь хөнгөлнө, яг ийм стандартыг хангасан бол ипотекийн зээл олгоно гээд нэгдсэн бодлого хэрэгтэй

Эхний ээлжид манай компани өөрөө энэ төслүүдээ хэрэгжүүлэх хэмжээний санхүүгийн чадвартай болох хэрэгтэй байгаа. Түрүүн хэлсэнчлэн мөс хагалаад явахад асар их түлш, энерги зарцуулагдана. Үүссэн замын араас явахад бол амархан, хүч гаргахгүй тул бага зардлаас араас ирнэ. Харин эхэнд яваа хүнээс асар их зардал гарна.

Олж байгаа бүх орлогоо хийж байгаагаа хүмүүст ойлгуулахын тулд зарцуулна, хэдэн зуун саяын алдагдалд орно. Гэхдээ эдгээр нь зам гаргахын төлөө л юм. Дэд бүтцийг ингэж шийдэж болно, хашаандаа ийм сайхан амьдарч болно гэж харуулахын тулд юм. Үр дүнд нь өнөөдөр төрийн бодлогын хэмжээнд хүрсэн. Хэрэв хийгээгүй байсан бол миний бодол миний бодол чигтээ л үлдэх байлаа. Харуулах, ойлгуулахын тулд биднээс ихээхэн зардал гаргасан. Үр дүнд хүрсэн. Энэ л гоё.

- Шинийг бодож, түүнийгээ бодит болгодог хүмүүс байдагт баярлаж байна. Танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл юу байна вэ?

- Анх орлогод нийцсэн ногоон орон сууц барих боломжгүй гэж хардаг байлаа. Ногоон гэх тодорхойлолт заавал байх ёстой. Тэгж байж олон улсаас хөрөнгө босгоно. Энэ бол орон сууцныхаа бодлогоор олон улсаас татна гэсэн үг. Жилийн нэгээс доош хувийн хүүтэй мөнгийг олон улсаас босгож болно. Мөнгө хэвлэж ипотекийн эх үүсвэрээ нэмье гэх биш олон улсаас мөнгө татаад төгрөгт хөрвүүлэн гэр хороололд оруулбал гэр хорооллынхон олон улсын санхүүжилтээр амины орон сууцтай болж байгаатай адил. Тийм зүйлийг бий болгоход эрчим хүчний хэмнэлт, бохироо 98 хувь цэвэршүүлэх, усаа 50-аас доошгүй хувь хэмнэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах юм байна гээд монголчууд бид нэг ойлголтод хүрч байна. Үүнийгээ дагаад олон улсаас хөрөнгө оруулалт босгоод гэр хорооллыг ногоон орон сууцжуулах боломж бүрдэж байгаа.

Магадгүй бидний хамгийн утаатай, хамгийн их хөрсний бохирдолтой, хамгийн ядуу байгаа энэ хэсэг дэлхийн хамгийн ногоон бүс болох боломж байна. Бид хүлэмжийн хийгээ бууруулахыг зорьж байгаа шүү дээ. Тэгвэл ялгарсан хүлэмжийн хийгээ мод тарьж бууруулъя гэхээс илүү анхнаас нь ялгаруулахгүй байх шийдэл рүү зүтгэх хэрэгтэй. Тэр нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууц. Үүнд тодорхой хэмжээнд төрийн бодлого гараад, нийт ард түмэн ойлгодог болж, үүний төлөө явж байгаад үнэхээр баяртай байна.