Уншиж байна ...

Ирландын улс төрд нөлөөлөх Оросын үйл ажиллагааг “гайхах зүйл биш” гэж ерөнхий сайд нь хэлэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын тагнуулын алба Ирландын зарим улс төрчдийг өөрийн эрх ашгийн төлөө ажиллуулахаар элсүүлсэн тухай мэдээ хэвлэлээр цацагдаад байгаа юм.

Ням гарагт тус улсын ерөнхий сайд Саймон Харрис энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Асуудлыг томоор харвал Орос улс олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг оролддог, мушгин гуйвуулдаг, дэлхий даяар ийм ажиллагаа явуулдаг нь бидний хэнд ч гайхах зүйл биш болсон бөгөөд Ирланд улс ч ийм аюулаас ангид биш юм” гэж хэлжээ.

“Украины эсрэг Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш ийм ажиллагаа мэдэгдэхүйц нэмэгдсэнийг бид харж байгаа. Гардай (Ирландын аюулаас хамгаалах алба) уг асуудалд нухацтай хандаж, олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Тэдний ур чадварт би бүрэн итгэлтэй байна” гэж Харрис цааш нь хариулсан юм.

Оросын талд ажиллаж буй хэн нэгний талаар мэдээлэлтэй байгаа эсэхийг лавлахад тэр “Бид ийм асуудлыг ил тод ярьдаггүй. Аюулгүй байдалтай холбоотой ийм эмзэг асуудлын талаар нийтэд мэдээлдэг өөр улс орон байдаг гэхэд би эргэлзэж байна. Гэхдээ миний хэлж чадах ганц зүйл гэвэл манай аюулаас хамгаалах алба, тагнуулын алба олон улсын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, уг асуудалд маш нухацтай хандаж байгаад би сэтгэл хангалуун байна” гэж мэдэгджээ.

"The Sunday Times" сонин саяхан Их Британи, Ирланд, Европын Холбооны харилцааг сүйтгэхийн тулд Brexit-ийн (Их Британи улс Европын Холбооноос гарах хөдөлгөөн) үеэр Оросын тагнуулын алба зарим улс төрчдийг “урхинд оруулж”, өөрийн талд ажиллуулсан байж болзошгүй тухай мэдээ цацсан юм.

Ирландын тусгай албад "Cobalt" нууц нэртэй уг улс төрчийг илрүүлсэн хэдий ч одоо болтол тус улсын парламентад сууж байгаа тухай дээрх мэдээнд дурджээ.

 

Эх сурвалж: DPA