Уншиж байна ...

Украины талаар Трампын ойлголтыг Путин анхны уулзалтаараа төлөвшүүлсэн тухай баримтыг NYT мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп тус улсаас Украинд үзүүлдэг тусламж дэмжлэгийг зогсоохоо амлаж байгаа.

Тэрбээр сонгогдвол ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө ч өмнө Орос-Украины дайныг зогсоож чадахаа удаа дараа мэдэгдсэн юм.

Тэгвэл экс ерөнхийлөгчийн Украины эсрэг үзэл хэзээ төлөвшиж тогтсон талаар Нью-Йорк Таймс сонин Трампын засаг захиргааны үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Рэкс Тиллерсон болон Цагаан ордны албан тушаалтнуудын ярьсан зүйл дээр үндэслэн мэдээлжээ.

2017 оны долдугаар сарын 7-ны өдөр Трамп анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байв.

Германы Хамбург хотод болсон энэ уулзалтын дундаас гарч ирсэн төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон бичсэн тэмдэглэлээ Цагаан ордны зөвлөхүүдэд өгөөд “Украины талаарх ерөнхийлөгчийн үзэл бодлыг өөрчлөхийн тулд бид ажиллах шаардлагатай байна” гэж хэлж байжээ.

КГБ-ын ажилтан асан Путин ерөнхийлөгчийнх нь толгойг хэрхэн эргүүлж байгааг харсныхаа дараа Тиллерсон ингэж хэлсэн юм байна.

Крымийн хойгийг гурван жилийн өмнө эзэлж, дорнод Украинд салан тусгаарлагчдыг зэвсэглэн дэмжиж байсан Путин түүнд Украин бол “орос хэлээр ярьдаг, авлигад идэгдсэн, зохиомол улс” бөгөөд Орос улс дотоод хэрэгт нь нөлөөлөх хууль ёсны эрхтэй талаар ухуулж байжээ.

Энэ үеэр Трамп өөрийнх нь засаг захиргаа Украин улсад зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгааг дурдаад энэ талаар юу гэж бодож байгааг нь Путинээс асуусан гэнэ.

Тэгэхэд Путин ингэвэл “алдаа” болохыг сануулаад Украинд юу ч өгсөн нэмэргүй, улам нэмж нэхэх тухай хэлж байжээ.

Уг нь Трамп энэ уулзалтад орохоосоо өмнө зөвлөхүүдийнхээ бэлдэж өгсөн хатуу байр суурийг Путинд илэрхийлэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч үүнийгээ огт ашиглаагүйг тухайн үед Цагаан ордонд ажиллаж байсан гурван албан тушаалтан гэрчилсэн байна.

Үүнээс нэг жилийн дараа Финландын нийслэл Хельсинки хотод болсон уулзалтын дараа Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Оросын талаас нөлөөлсөн гэх тагнуулын байгууллагынхаа дүгнэлтийг Путиний үгээр няцааж байсан түүхтэй.

Украины талаар Трампын энэ байр суурь, үзэл бодол 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд бас нэг маргааны сэдэв болж байгаа.

Өнгөрсөн сард НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг “ирэх болгондоо олон тэрбумын тусламж аваад буцдаг, түүхэнд төрсөн хамгийн том наймаачин” гэж Трамп сонгогчидтой уулзахдаа тодорхойлж байжээ.

Мөн Ардчилсан Намын өрсөлдөгчөө сонгуульд ялахын тулд “Зеленскийг улс төрийн ПиАртаа ашиглаж байна” гэж Трамп шүүмжилж байв.

Дэд ерөнхийлөгч Камала Харристай хийсэн мэтгэлцээний үеэр хөтлөгчид түүнээс Украиныг ялуулахыг хүсэж байгаа эсэхийг нь асуухад шууд хариулахаас зайлсхийж байсан юм.

 

Эх сурвалж: New York Times