Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дүүрэнбилэг: Тайзан дээр алхах мөчид бүгд надад баяр хүргэн алга ташихад мартагдашгүй мэдрэмж төрсөн

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өсвөрийн оддын урлаг, загварын олон улсын их наадам буюу "Teen Star International 2024" тэмцээн Тайландад энэ сарын 8-14-нд зохион байгуулагдсан байна.

16 улсын хүүхдүүд оролцсон тус тэмцээний охидын 9-12 насны ангилалд Бадрахсүрэнгийн Дүүрэнбилэг амжилттай оролцож, гранрпи шагнал хүртжээ.

Тэрбээр одоо 10 настай бөгөөд Төгсбилиг бага сургуульд сурдаг аж. Түүнтэй "Teen Star International 2024" тэмцээнд түрүүлсэн сэтгэгдэл болон хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсаныг хүргэж байна.


- Миссийн тэмцээнд хэзээ оролцож эхэлсэн бэ?

- 2022 онд ээж, эгч хоёр маань намайг авч яваад охидын миссийн "to be or not to be" тэмцээнд оруулж байсан. Тухайн үед миссийн тэмцээний талаар ямар нэгэн ойлголтгүй байсан ч олон найзтай болж, шинэ зүйл сурах нь надад таалагдсан.

Гэхдээ анх тэмцээнд ороход чадахгүй байх, найзтай болохоос ихээхэн айж байлаа. Харин одоо бол гадаадад тэмцээнд явж, олон шинэ найзтай болж, англи хэл сурч байна.

- Тайландад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон. Энэ талаар мэдээлэл хуваалцана уу? 

- Би "Teen Star International 2024" гэх олон улсын тэмцээний 9-11 насны охидын төрөлд амжилттай оролцож, гранпри шагнал хүртсэн.

Энэхүү тэмцээн нь нийт таван өдрийн турш үргэлжилдэг. Сүүлийн өдөр шагнал гардуулах ёслол нь болж, өмнөх өдрүүдэд гүйцэтгэсэн зураг авалт, тайзны алхааны дүнгээр үнэлэгдэх юм.

Эхний өдөр Монгол үндэстний хувцсыг өмсөж зураг авалтад оролцох ёстой. Энэ нь хамгийн эхний шат бөгөөд Мандухай сэцэн хатны бага насандаа өмсөж байсан хувцсаар өөрийгөө гоёсон. Дараа нь усан онгоц дээр гоёлын буюу усны хувцастай алхаж, үдшийн гүнж болсон.

"Олон орны хүүхдүүд цуглаж, хамтдаа эв найрамдал, сайн үйлсэд хүмүүсийг уриалдаг"

- Тэмцээнд оролцохдоо өмсөх хувцасны загвараа хэрхэн зохиосон бэ? 

- Олон улсын тэмцээнд өмсөх хувцасныхаа загварыг өөрсдөө зохиох ёстой. Хувцас бүр ямар нэгэн утга агуулсан байвал маш сайн гэж болно. 

Миний хувьд ээж, эгч нартай ярилцсаны үр дүнд, Монголын оёдолчин дээр тэмцээнд өмссөн бүх хувцсаа оёулсан. 

Миссийн тэмцээн гэдэг өөрийнхөө улсыг сурталчлахаас гадна олон орны хүүхдүүд цуглаж, хамтдаа эв найрамдал, сайн үйлсэд хүмүүсийг уриалдаг. 

Тиймээс далай маш их бохирдож байна, хог хаяж болохгүй гэдэг утга агуулгаар усны хувцсаа зохиож урласан. Мөн Монгол гэдэг нэрийг гаргахын тулд үндэсний хувцсыг өмссөн дөө.

- "Teen Star International 2024" Тэмцээнд оролцох үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

- Тайзан дээр алхах мөчид бүгд надад баяр хүргэн алга ташихад мартагдашгүй мэдрэмж төрсөн. Гэхдээ олон хүний өмнө алхах үед сандарсан.

Өөрийгөө түрүүлсэн гэдгийг мэдэж, шагнал авах мөчид маш их гайхсан гэх үү дээ. Уйлмаар, инээмээр ч юм шиг сонин мэдрэмжийг мэдэрсэн.

Тэр шагналыг авах хүртэл бүтэн нэг жилийн турш өндөр өсгийтэй гутал дээр тасралтгүй зогссон. Мөн ялагч тодрох өдөр хүүхдүүд тайзан суугаад хариугаа хүлээж байх үед би ганцаараа зогсож байсан. 

Энэ бүхний ард гарч, тэсвэр тэвчээртэй байж чадсандаа өөртөө баярладаг.

Таван өдрийн турш үргэлжилсэн тэмцээн учраас өөрийгөө чадна гэдэгтээ итгэлтэй байсан гэж болно. Гэхдээ усны хувцастай зураг авалтын үеэр бага зэрэг алдаа гаргасан

- Хүүхэд бүрийн мөрөөдөл хамгийн нандин байдаг. Өөрийнхөө мөрөөдлийн талаар уншигчдад хуваалцана уу? 

- Би хувцас зохион бүтээж, гэр бүлийнхэндээ даавуугаар ороосон хувцас хийж өгдөг байлаа.

Хамгийн анх дизайнер болох мөрөөдөлтэй байсан. Гэхдээ дараа нь олон зүйлийн талаар судлаад ирэхээр мөрөөдөл өөрчлөгддөг. 

Одоо бол олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, маш сайн мисс болно.

- Энэ ярилцлагыг унших үе тэнгийнхэн, найз нөхөд, дүү нартаа хандаж юу хэлэх вэ? 

- Юу ч хийж байсан түүндээ хичээнгүй хандах хэрэгтэй. Би жаахан мартамхай учраас тэмцээний үеэр зарим зүйл дээр алдсан.

2022 оноос хойш энэ салбарт олон найзтай болж, муудалцсаныхаа дараа хамт байж, бие биеэ уучлах ёстой гэдгийг сайн суралцсан. 

"Teen Star International 2024" тэмцээнд оролцсон хүүхдүүд маш нээлттэй, гоё ааштай. Хүнийг тийм, ийм гэж шүүмжлэхгүй, аль болох магтаж урам өгдөг.

Мөн хамт байхад хэзээ ч уйдахгүй, хөгжилтэй хүүхдүүд байсан даа. Тэгэхээр өөрийн сонирхолд нийцсэн олон найзтай болох нь надад маш их таалагдсан. 

- Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.