АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Баасан гарагт утсаар ярилцжээ.
Трамп тэдний яриа “маш их сайхан уур амьсгалтай” болсныг өөрийн эзэмшдэг Truth Social платформын сошиал хуудсаар өчигдөр мэдээлсэн байна.
Украин, Оросын хооронд үргэлжилж буй дайныг зогсоож чадахаа ярилцлагын үеэр Зеленскийд илэрхийлснийг Трамп мэдэгджээ. Харин Зеленский энэ талаар мэдэгдэлдээ дурдаагүй өнгөрсөн байна.
2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайныг ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөхөөсөө ч өмнө, бүр арваннэгдүгээр сарын 5-ны сонгуульд ялсныхаа дараа шууд зогсоож чадахыг Трамп амлажээ.
Тэр бас 2022 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол дайныг эхлүүлэхгүй ч байж чадах байсныг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Трамп дайныг дуусгахын тулд Украин газар нутгийнхаа зарим хэсгийг Оросын талд шилжүүлж өгөх ёстой гэсэн санааг цухуйлгаж байв.
Утсаар ярьсны дараах мэдэгдэлдээ Зеленский саяхан Бүгд Найрамдах Намын албан ёсны нэр дэвшигч болсонд нь Трампад баяр хүргэснийг дурджээ. Бас өнгөрсөн долоо хоногт гарсан Трампын амь насанд халдах оролдлогыг буруушаасан байна.
“Би түүний цаашдын амьдрал, ажил үйлсэд улам их эрч хүч, аюулгүй байдлыг хүсэн ерөөлөө. Манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахад Америкийн хоёр намын болон парламентын хоёр танхимын тус дэмжлэг чухал болохыг онцоллоо. Украин улс Оросын түрэмгийллийг эсэргүүцэх чадавхыг маань нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж буй АНУ-д үргэлж талархдаг” гэж Зеленский мэдэгджээ.
Гэхдээ тэр Трампын дайныг дуусгах саналын талаар дурдаагүй байна.
Украины эзлэгдсэн нутгаас Оросын цэргийг бүрэн гаргаж, Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1991 онд тогтоосон хил хязгаарыг сэргээх нь дайныг дуусгах гол шаардлага гэж Зеленский үздэг.
Одоогоор Оросын цэргийн хяналтад Украины газар нутгийн 20 орчим хувь ороод байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!