Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газарт улиран ажиллаж буй есөн сайд

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулж, сайд нараа танилцууллаа. 

Тэрбээр өмнөх Засгийн газарт хамтран ажиллаж байсан сайд нараас есийг нь улираан ажиллуулахаар болжээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүнээр ажиллах болсон сайд нарыг танилцуулж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан. Монголын төр энэ хүнд ямар өртэй вэ гэж яригддаг төрийн өндөр албан тушаалтнуудын нэг тэрбээр өмнөх Засгийн газарт ч мөн энэ албан тушаалаа хашиж байсан. Түүнийг сайдаар ажиллах хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн онцгой байдлын алба хаагч ганцаар тоологдохгүй олон бий. Харамсалтай, золгүй явдал гарах тоолонд салбарын сайдаас хариуцлага нэхдэг ч С.Амарсайхан УИХ-ын хуралд нэр дэвшин сонгогдож, тэр ч бүү хэд сайдаар улиран ажилласаар. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал. МАН-ын эрх хүү тэрбээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамаа орхиж, Засгийн газрын гал тогоог барихаар болж байна. Өнгөрсөн хугацаанд шинэ яамны зүг чигийг тодорхойлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад багагүй үүрэг гүйцэтгэж байсан түүнийг Ерөнхий сайд энэ удаад магадгүй хамгийн ойрын хүнээрээ сонгожээ.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Түүнийг энэ албыг хаших хугацаанд Монгол Улсын гадаад бодлого хамгийн ахицтай түвшиндээ хүрсэн гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз. Тийм ч учраас Засгийн газрын тэргүүн Б.Батцэцэгийг кабинетдаа үргэлжлүүлэн ажиллуулж буй. Гэхдээ түүнийг улираахад өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна Ерөнхийлөгчийн дэмжлэг нөлөөлсөн гэдгийг ил далд ярилцдаг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн сайд Б.Жавхлан өмнөх Засгийн газарт хариуцаж байсан яамандаа үргэлжлүүлэн ажиллахаар болсон сайд нарын нэг. Хоёр засаг дамнан улс орны эдийн засгийг "барьж" буй түүнийг Ерөнхий сайдтай бүх талаараа тун ойрын харилцаатай гэдэг. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин. Засгийн газрын гишүүний тангарах өргөсөн мөчөөсөө эхлээд л шүүмжлүүлсэн түүнийг дахин сайдаар ажиллах нь бүү хэл парламентын гишүүнээр сонгогдох эсэхэд нь эргэлзэж байсан хүн олон. Гэтэл дахин сайдаар ажиллахаар барахгүй хариуцсан салбараа илүү өргөжүүлж авч чаджээ. Ч.Номингийн үг, үйлдэл бүр нь шүүмжлэл дагуулдаг дээр нь аав нь машинаар бусдыг элдэн хөөж, мөргөдөг байсан ч энэ Засгийн газарт үнэхээр хэрэгтэй сайд бололтой

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Батлан хамгаалахын сайдаар томилогдсон С.Бямбацогт өмнөх Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байв. Энэ хугацаанд баруун бүс рүү ихээхэн анхаарч ялангуяа Ховд аймагт багагүй хөрөнгө оруулалт татаж чадсан сүйхээтэй сайд. Тэрбээр гишүүн байхаасаа тордсон тойргоосоо сонгуулиар нэгээр гарч, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр шимийг хүртсэн гэж хэлж болно. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан. Боловсрол, шинжлэх ухааны сайд нь боловсролын салбарт маш их зүйл хийж байгаа мэтээр "сурталчилдаг" ч наад захын шалгалтаар энэ салбарын үнэн нүүр царай илчлэгддэг гэхэд хилсдэхгүй. Орон даяар зохион байгуулагдсан Элсэлтийн шалгалтын дүнг харвал Л.Энх-Амгалан сайд дахин энэ кабинетад суух болзол хангаагүй баймаар.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Өмнөх засагт Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албыг хашсан Б.Дэлгэрсайхан мөн л улирах хэмжээнд ажиллаж чадаагүйг өнөөдрийн нийслэлийн авто замын нөхцөл байдал бэлхнээ харуулна. Гэхдээ Ерөнхий сайд түгжрэлийг бууруулах Засгийн газрын зорилтыг биелүүлэхийн тулд түүнийг замтай холбоотой бүхий л салбарт ажиллуулж үзэхээр шийдсэн байж магадгүй юм.   

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Өнгөрсөн өвлийн эрчим хүчний доголдлыг "Аргална даа" гэх алдарт хариултаараа давж гарсан түүнийг энэ салбарт улирааж байгаа нь цаанаа учиртай биз ээ.