Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол" гэх фэйсбүүк хаягтай холбогдож, ₮21 саяыг шилжүүлээд залилуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны зургаадугаар сарын 24-29-ний өдрүүдэд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл нийт 669 бүртгэгдсэнээс залилах гэмт хэргийн шинжтэй 36 гомдол бүртгэгдсэний 27 нь буюу 75% нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Тухайлбал

  • Дархан-Уул аймгийн иргэн Т "TAIEX банкны санхүү" нэртэй фэйсбүүк хаяг руу харилцан тэтгэлэгт хамрагдахаар ХХБ-ны ... тоот дансанд 1,460,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан,
  • Дорноговь аймгийн иргэн Ч нь "Эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоно уу" гэсэн нэртэй фэйсбүүк хаяг руу тусламж авахаар холбогдон данс руу нь 580,000 төгрөг шилжүүлж залилуулсан,
  • Өмнөговь аймгийн иргэн Б "Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол" гэх фэйсбүүк хаягтай холбогдож, 21,140,000 төгрөг шилжүүлж залилуулсан хэргүүд цагдаагийн байгууллагад өнгөрсөн өдрүүдэд бүртгэгдсэн байна.

Дээрх фэйсбүүк хаягууд нь танилцуулга, намтрын мэдээлэл байхгүй, нэг мэдээллийг хэд хэдэн удаа давтсан, утга авцалдаагүй мэдээлэл бичсэн, бусад хэрэглэгчтэй огт харилцаагүй, холбоо барих утас, хаяг байхгүй, бусад хүний нэр, зураг ашигласан байх магадлалтай байгаа тул цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Залилагчид нь "Яг сүүлийн хүнээ бүртгэж байна", "Яг одоо мөнгө шилжүүлэхгүй бол та хоцорно, та одоо л хамрагдахгүй бол оройтно", "Надад итгэж болно оо би итгэл даах хүн, Би ... байгууллагын төлөөлөгч" зэргээр байгууллага, албан тушаалтны нэр барих нарийн арга хэрэглэж, таныг гацаанд оруулан мөнгийг тань залилж байна.

Иймд хуурамч хаягуудаас буруу мэдээлэл авах, хувийн мэдээллээ алдах, мөнгө, эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлнэ үү гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх газраас анхаарууллаа.