Зураг
Зураг
Индэр    
2024 оны 7 сарын 3
Зураг
iKon.mn Сэтгүүлч

ТОЙМ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалаас онцлох зүйлс

Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. 

Уг айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог болов.

Айлчлалаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлсэн олон хэлэлцээрүүдийг хийсэн юм. 

I. Хоёр орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлнэ гэв  

Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

зураг
 

II. Аялал жуулчлал, автотээвэр, худалдаа, эдийн засаг зэрэг 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

Зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдээс онцолбол:  

  • “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистаны талаас Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн зөвлөлийн дарга У.Шадиев,

Түүх, соёл, байгалийн түүхэн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

  • “Олон улсын автоээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистаны талаас Тээврийн сайд И.Махкамов, 

Хоёр орны нутаг дэвсгэр хооронд болон нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу ачаа, зорчигч тээвэр үйлдэх боломж бүрдэнэ. Хоёр улсын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын хамтын ажиллагаа хөгжинө.  

  • “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Узбекистаны талаас Тээврийн сайд И.Махкамов, 

Хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бий болохын зэрэгцээ цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.

  • “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”,

Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарын мэдлэг, туршлагаа  солилцох, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтарна.

  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ташкент хотын Хокимият хоорондын хэлэлцээр”,

Бизнес эрхлэгчдийг холбоход дэмжлэг үзүүлж, албан хаагчдын туршлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдэд тухайн улсын уламжлал, соёл, түүхтэй танилцуулах зорилгоор мэдээлэл, сайн туршлагаа солилцох, уулзалт зэргийг зохион байгуулах  

III. Төв Ази руу суурин орон зайгаа тэлэхээр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ

зураг
 

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээсэн юм. 

Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар "Манай улс олон талтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Төв Ази руу суурин орон зайгаа тэлэх ёстой. Үүний үүд хаалга нь нээлттэй эдийн засагтай болж, их үсрэлтийнхээ гараан дээр ирсэн Узбекистан улс юм гэж бодлогоо тодорхойлоод ЭСЯ-аа нээж байна" гэдгийг онцлов. 

IV. Узбекистан улсад шинэ зах зээл нээхээр Монголоос 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл Узбекистанд очив 

зураг
 
ЕТГ

Айлчлалын үеэр төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч Узбекистан улсад шинэ зах зээл нээхээр Монголоос 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн юм.  

Одоогоор манай улсын 10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд айлчлалын үеэр болсон “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Манай улсаас 10 дахин том зах зээлтэй гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эрчимтэй хөгжиж байгаа Узбекистан улс бизнес эрхлэгч нарын хувьд маш том боломж гэв. 

Түүнээс гадна Азийн бусад Монголтой итгэлцэлтэй болсон хөрөнгө оруулагч нар байнга Узбекистан руу хамтарч хөрөнгө оруулах хүсэлтийг тавьдаг гэдгийг М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал онцолж байв.