Уншиж байна ...

ПАРИС 2024: Оросын жүдочид олимпод оролцохоос татгалзав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
TASS

ОХУ-ын жүдочид "Парис 2024" олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тус улсын 17 жүдоч олимпын чансаагаар эрхээ авсан ч дөрвийг нь оролцуулах шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос гаргасан.

Үүний дараа Оросын Жүдо Бөхийн Холбоо (ОЖБХ)-ны тэргүүн Сергей Соловейчик ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа олимпыг өнжих болсноо зарласан юм.

Оросын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д Дали Лилуашвили, +78 кг-д Элис Старцева, эрэгтэйчүүдийн 73 кг-д Махмадбеков Махмадбек, +100 кг-д Валери Эндовицкий нарт олимпод оролцох урилга өгсөн аж.

Энэ талаар С.Соловейчик "Манай 17 жүдочоос дөрвийг нь л олимпод урилаа. Ийм нөхцөлд бид санал нэгтэйгээр Парист очихгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Манай улс дэлхийд хүчтэй өрсөлддөг төрлийн нэг бол жүдо. Тиймээс биднийг доромжилж байгаа үйлдэлд нь зохих ёсны хариуг өгөх хэрэгтэй" гэж ярьжээ.

ОУОХ-ноос 47 тамирчныг төвийг сахисан багийн тугийн дор оролцох урилга өгөөд буй. Хамгийн сүүлд жүдогоос гадна каноэ завины тамирчдыг "Парис 2024"-д оролцуулах шийдвэр гарсан. Одоогийн байдлаар 20 тамирчин олимпод оролцохоо мэдэгдсэн юм.

Харамсалтай нь ОХУ-ын теннисчин Данийл Медведев, Андрей Рублев, Дарья Касаткина болон Беларусийн Викторья Азаренка нар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Беларусийн Арина Сабаленка гэмтлийн улмаас орохгүй гэдгээ зарласан бол ОХУ-ын Людмила Самсонова шалтгаанаа тайлбарласангүй.

 

Эх сурвалж: TASS