Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар олон газарт агаарын хэт халалт үргэлжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүн ам шигүү суудаг олон бүс нутагт сүүлийн өдрүүдэд агаарын хэт халалтын гамшиг үргэлжилж байна.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гэгддэг энэхүү гамшиг олон мянган хүн амиа алдах, ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

 

Умард Америк

зураг
 

Умард Америкт энэ жилийн зун маш их халуун эхэлж байна.

АНУ-ын хүн амын тавны нэг буюу 70 сая гаруй хүн амьдардаг зүүн хойд бүс нутагт энэ долоо хоногт уур амьсгалын гамшигт үзэгдлийн түгшүүр зарлажээ.

Хөрш Канад улсын Нью Брансвик, Нова Скотиа, Онтарио, Квебек мужуудад бас хэт халалтаас сэргийлэхийг сануулсан сэрэмжлүүлэг гаргаад байна.

АНУ-ын цаг уурын мэргэжилтнүүд энэ долоо хоногийн сүүлээр агаарын температур Цельсийн 38 хэм давах төлөвтэйг мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн Техас мужийн өмнөд хэсэг, Мексик улсын эрэг орчмын нутаг дэвсгэрт энэ жилийн далайн хар салхины улирал эхэлж, гурван хүн амиа алдаад байна.

 

Энэтхэг

зураг
 

Энэтхэгийн хойд бүс нутагт агаарын температур олон хоногийн турш Цельсийн 44-45 хэмээс буухгүй байна.

Хэт халалтын улмаас хүмүүсийн цахилгааны хэрэглээ дээд хэмжээндээ хүрч, Даваа гарагт нийслэл Дели хотод эрчим хүчний тасалдал үүссэн юм.

Тус хотод усны хангамж хүрэлцээ бас муудаад байна.

Энэ сарын эхээр Уттар Прадеш, Одиша мужуудад гурав хоногийн дотор 50 хүн хэт халалтын нөлөөгөөр амиа алдсан юм.

Энэтхэгт зуны улирал ерөнхийдөө халуун байдаг ч энэ зун илүү хүчтэй халж, үргэлжлэх хугацаа, давтамж нь нэмэгдсэн байна.

 

Саудын Араб

зураг
 

Мекка хотод саяхан өндөрлөсөн хаж мөргөлийн зан үйл агаарын хэт халалттай давхацсан нь Саудын Арабын эрх баригчдыг тэвдүүлж байна.

Жил тутмын шашны энэ арга хэмжээний үеэр нийтдээ 1,000 гаруй мөргөлч хэт халууныг тэвчилгүй амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Энэ жилийн мөргөлд дэлхийн өнцөг булан бүрээс 1.6 сая муслим Саудын Араб улсад ирсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Исламын шашны ариун газарт тооцогддог Мекка хотод агаарын температур Цельсийн 52 хэм хүрсэн юм.

Өмнөх жилүүдийн хаж мөргөлийн үеэр олон хүн шахцалдсан, гал түймэр гарсан зэрэг шалтгаанаар хүний амь эрстдэг байсан бол энэ жил агаарын хэт халалт эндэгдлийн гол шалтгаан болж байна.

 

Грек

зураг
 

Зүүн өмнөд Европын зун ч бас ширүүн эхэлж байна. Грек улсад тохиолдсон энэ зуны хамгийн эхний халалтын үеэр олон тооны хүн амиа алджээ.

Тэдний дотор тус улсад аялж байсан гадаадын хэд хэдэн жуулчин байгаа юм. Тухайлбал Британийн телевиз, радиогийн алдартай хөтлөгч Майкл Мосли саяхан амиа алджээ.

Грекийн эрх баригчид эрсдэлээс сэргийлэх зорилгоор Афин хотын түүхэн дурсгал Акрополисийг хааж, бүх сургуулиудынхаа хичээлийг зогсоосон юм.

Умард Африкаас ирж буй агаарын урсгал тус улсын халалтын гол шалтгаан болж байна.

 

Эх сурвалж: BBC