Хуучирсан телескопоо дэлхийд унахаас сэргийлэхийн тулд NASA робот сансрын хөлөг хөөргөх гэж байна
Олон жил ашиглагдаж буй сансрын телескоп нь дэлхий дээр унах аюултай болсон тул NASA үүнээс сэргийлэх зорилготой ажиллагаа явуулахаар болжээ.
Нийт $30 саяын өртөгтэй энэхүү ажиллагааны хүрээнд энэ долоо хоногт робот сансрын хөлөг хөөргөх юм байна.
NASA-гийн хөлсөлсөн Katalyst Space Technologies стартап компанийн гурван гартай энэ хөлөг Swift Observatory телескопыг дэлхийгээс холдуулж, одоогийн байрлалаас нь дээд тойрог замд шилжүүлэх үүрэг гүйцэтгэх гэнэ.
Уг хөлгийг өнөөдөр буюу Мягмар гарагт Номхон далайн Маршаллын арлуудаас Pegasus пуужинд тээвэрлэн хөөргөхөөр төлөвлөжээ.
2004 онд тойрог замд ажиллаж эхэлсэн Swift телескоп сүүлийн үед нарны идэвхжлийн улмаас өндрөө аажмаар алдаж, дэлхийд унах эрсдэлтэй болсон юм байна.
Робот хөлөг түүнийг илүү тогтвортой дээд өндрийн тойрог замд шилжүүлэх ажээ.
NASA-ийн Hubble Space Telescope удахгүй бас ийм эрсдэлд орж болзошгүй байгаа гэнэ.
Katalyst Space компанийн гүйцэтгэх захирал Гонхэ Ли одоо хөгжүүлэлтийн шатандаа байгаа дараа үеийн робот хөлөг нь хоёр жилийн дотор Hubble шиг илүү том телескопын асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байна.
Өмнө нь зөвхөн Хятад улс хиймэл дагуулаа дээд тойрог замд шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байжээ.
“Энэ нь үүнтэй ижил үүрэг гүйцэтгэсэн Америкийн анхны робот хөлөг болох юм. NASA-д ийм том телескопууд олон бий. Тэднийг бүгдийг ийм аргаар аврах боломжтой. Тиймээс бид энэ ажиллагаагаараа цоо шинэ сансрын үйлчилгээ бий болсныг батлан харуулах болно” гэж Ли тайлбарласан байна.
Тус компанийн зохион бүтээсэн Link нэртэй робот хөлөг нэг сарын дотор Swift телескопыг гүйцэж “барих” бөгөөд дараа нь одоогийн 360 км-ийн өндрөөс 600 км-ийн өндөрт хүртэл шилжүүлэхэд дахин хоёр сарыг зарцуулах ажээ.
Swift телескоп нь 1.4 тонн жинтэй, гамма туяаны дуран авай юм.
Харин түүнийг чирэх Link нь гал тогооны жижиг хөргөгчийн хэмжээний эх биетэй, нэг метр орчим урт гурван гартай, 12 метр урт нарны эрчим хүчний хавтантай юм байна.
Гар бүр нь хоёр хавчигч хуруутай ажээ.
Гэхдээ олон зуун саяын үнэ өртөгтэй Swift нь анхнаасаа гаднын биет болон хүний гараар чиглэлээ өөрчлөхөөр бүтээгдээгүй тул уг ажиллагаа амжилттай болох баталгаа байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“Хэрвээ бид Swift-ийг дэлхийд унагавал маш их чадавхаа алдах болно. Үүнийг орлох өөр нэгийг бүтээх төсөв бидэнд одоогоор байхгүй” гэж NASA-ийн шинжлэх ухааны төслийн ахлагч Ники Фокс хэлжээ.
Katalyst компани нь Swift-ийг аварч чадвал сансрын уудамд засвар үйлчилгээ үзүүлэх шинэ бизнесийн эхлэлийг тавих юм.
Тус компанийн дараа үеийн аврагч хөлөг ирэх онд хөөрөх бөгөөд хиймэл дагуулуудыг 35,800 км хүртэл өндөрт шилжүүлэх хүчин чадалтай байх болно.
Ирэх он жилүүдэд дэлхийн тойрог замд хэдэн зуун робот хөлөг байрлаж, хиймэл дагуулуудыг зөвхөн засварлах, чирэх биш, бас цэнэглэх, нарны станц, дата төв зэрэг бусад платформуудыг угсрах ажлыг гүйцэтгэдэг болно гэж Ли үзэж байна.
33 настай Hubble телескопыг Katalyst-ийн робот хөлгийн тусламжтай дахин олон жил ажиллах боломжтой гэж NASA үзэж байна.
“Энэ бол үндэсний баялаг юм. Хүмүүс Hubble-д хайртай” гэж Фокс хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
