Өмнөд Солонгос улс хиймэл оюун, чип үйлдвэрлэлийн салбарт $880 тэрбумын хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө зарлалаа
Өмнөд Солонгос улс ойрын жилүүдэд чип үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны салбарт хамгийн багадаа $880 тэрбумын хөрөнгө оруулахаар төлөвлөснөө Даваа гарагт зарлажээ.
Энэ нь тус улсын засгийн газрын чип үйлдвэрлэл, дата төв, робот технологийг хөгжүүлэх Гурван Мега Төслийн нэг хэсэг юм байна.
Бас Сөүлээс бусад бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх давхар зорилготой төлөвлөгөө болохыг тус улсын ерөнхийлөгч И Жэ Мюн өчигдөр мэдэгджээ.
Өмнөд Солонгос нь хиймэл оюуны технологийн хөгжлийн нэг гол тоглогч болохоор Тайвань, Хятад, Япон зэрэг бүс нутгийн орнуудтай өрсөлдөж байгаа.
“Бид хиймэл оюун ухааны гол элементүүдийг бусад улсуудаас илүү хурдтай хөгжүүлэх ёстой. Хагас дамжуулагч, физик хиймэл оюун ухаан, хиймэл оюуны өгөгдлийн төвүүд нь том үсрэлтийн гуравласан тэнхлэг юм” гэж И Жэ Мюн хэлжээ.
Тэрбээр улсынхаа хамгийн том хоёр чип үйлдвэрлэгч болох Samsung, SK Hynix компаниудын удирдлагуудтай хамт уг төлөвлөгөөг зарласан юм.
Хиймэл оюуны чип үйлдвэрлэлийн аварга Nvidia компанийг үйлчлүүлэгчдийнхээ нэг болгосон Samsung, SK Group нь технологийн энэхүү огцом өсөлтөөс хамгийн их ашиг хүртэж байгаа Өмнөд Солонгосын компаниуд.
Америкийн технологийн аваргууд болох Google, Amazon, Meta зэрэг компаниуд энэ жил хиймэл оюуны технологид $650 тэрбумын хөрөнгө оруулахаа мэдэгдээд байгаа.
Хиймэл оюуны тархи болдог хагас дамжуулагч чипийн эрэлт дэлхий даяар нэмэгдсэний улмаас үнэ нь өсөж байна.
Өнгөрсөн долоо хоногт Apple, Microsoft компаниуд зарим физик бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх шийдвэрийг зарласан нь үүнтэй холбоотой байв.
Гэвч зарим хөрөнгө оруулагчид хиймэл оюуны салбарт хэт их мөнгө цутгаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн нь сүүлийн өдрүүдэд технологийн компаниудын хувьцааны ханшийг унахад хүргэсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
