ФОТО: Одоогоор шөвгийн 16-д Канад, Бразил, Парагвай, Мароккогийн баг шалгараад байна
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 32-ын тоглолтууд үргэлжилж байна.
Өчигдөр Канадын шигшээ баг Өмнөд Африкийн багийг эцсийн мөчид оруулсан гоолынхоо ачаар хожсон бол Япон, Бразилын тоглолт ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт шийдэгдлээ.
Наран орны баг эхний үед бүтэн илүүрхсэн. Үүний үр дүнд 29 дэх минутад Кайшү Сано гоолын салхийг хагалсан юм. Гэхдээ хоёрдугаар хагаст тэд тэргүүллээ хадгалж чадсангүй. Касимеро 56 дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн бол 90+6 дахь минутад Габреаль Мартинелли хожлын гоолыг шигтгэсэн юм.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ-д Ази тивийн төлөөлөл үлдсэнгүй. Анх удаа 48 баг оролцож байгаа ДАШТ-д шар тивээс есөн баг эрхээ авсан юм. Иран, БНСУ, Узбекистаны баг хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн ч хасагдах шатанд шалгараагүй юм. Харин Японы шигшээ баг тивээсээ ганцаараа шигшээ 32-т шалгарсан нь хамгийн өндөр амжилт боллоо.
Харин өнөөдөр үргэлжилсэн үлдсэн хоёр тоглолт хоёул торгуулийн цохилтоор шийдэгдэв. ДАШТ-д торгуулийн цохилтоор мултарч үзээгүй немцүүд гурван цохилтоо алдсанаар Өмнөд Америкийн төлөөлөл Парагвайд дийлдсэн бол торгуулийн цохилтоор ихэнхдээ азгүйддэг Нидерландын шигшээ баг түүхээ давтлаа.
Түүнчлэн Герман, Нидерландын шигшээ багууд гурван торгуулийн цохилт алдсан долоо, найм дахь баг болжээ.
Хамгийн анх 1994 онд Мексикийн шигшээ баг шинэ түүх бичиж байсан бол 2006 онд Швейцар, Англи давтсан. 2018 онд Дани, дөрвөн жилийн өмнө Япон, Испанийн шигшээ баг гурван торгуулиа алдсанаар хасагдаж байв.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

