"Атласын Арслангууд" гэгддэг Мароккогийн шигшээ баг шөвгийн 16-д шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
36 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 32-ын тоглолтууд үргэлжилж байна.

Дэлхийн аваргад гурван удаа мөнгө, нэг удаа хүрэл медаль хүртсэн Нидерландын шигшээ баг энэ шатанд Африкийн Мароккотой учраа таарсан юм. Өнгөрсөн зургаадугаар сард шинэчлэгдсэн чансаагаар долдугаарт бичигдэх болсон Атласын арслангууд, "Нисдэг" Голландын тоглолт энэ шатны хамгийн сонирхол татсан тулаан байв.

Коди Гакпо үндсэн цагийн 72 дахь минутад эхний гоолыг оруулснаар голландчууд тэргүүлж эхэлсэн. Гэхдээ 90+1 дэх минутад төвийн хамгаалагч Исса Диоп тэнцээний гоолыг шигтгэсэн юм. Францын нас насны шигшээд зүтгэж байсан Диоп Мароккогийн шигшээд анхны гоолоо оруулсан нь энэ.

зураг
 

Ингээд нэмэлт цаг сунгасан ч эцсийн үр дүнд өөрчлөлт орсонгүй. Багууд торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэх болов. Италийн "Ювентус"-т зүтгэдэг Тён Копмейннерс үүргээ гүйцэтгэсэн бол "Рома"-д данстай Мароккогийн Нейл Эль Айнауи цохилтоо алдчихав. Нидерландын шигшээд илүү гарах сайхан боломжийг Жастин Клюйверт чулуу болгож чадсангүй.

Үүнээс хойш Рахими, Талби нар эсрэг багийн хаалгыг мялаасан бол Нидерландаас Вегхорст даалгавраа амжилттай гүйцэтгэсэн юм. 

Нидерландын Тимбер цохилтоо алдсаныг Мароккогийн багийн ахлагч Хакими ашиглаж чадсангүй. Харин Саммервилийн алдааг Исмайл Сайбари өршөөсөнгүй.

Ингэснээр мароккочууд шөвгийн 16-д шалгарч байна. Мароккочууд шөвгийн 16-д Канадын шигшээ багийн эсрэг ирэх сарын 5-ны Ням гарагт өрсөлдөнө.