Уншиж байна ...

Путин удахгүй Умард Солонгос, Вьетнамд айлчилна

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед Умард Солонгос, Вьетнам улсуудад айлчлах гэж байгааг Ведомости сонин өчигдөр дипломат албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

БНАСАУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Александр Мацегора уг айлчлалд идэвхтэй бэлдэж байгаагаа баталсан ч тодорхой хугацаа хэлээгүй байна.

Дипломат албаны өөр нэг эх сурвалж Путинийг энэ айлчлалын дараа залгаад Вьетнамд айлчлах тухай мэдээлжээ.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид энэ талаар асуухад “цаг нь болохоор мэдэгдэнэ” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнодод айлчлахдаа Путинийг эх орондоо урьсан юм.

Путин хамгийн сүүлд 2000 онд Пёнянд айлчилж, Кимийн аав Ким Жон Илтэй уулзаж байжээ.

Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Пу Чон энэ онд айлчлуулахаар Путинийг урьсан тухай тус улсын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.

Тэрбээр өмнө нь  2017 онд Вьетнамд айлчилж байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоны дараа Путин гурван улсад айлчилсан нь Хятад, Беларусь, Узбекистан юм.

 

Эх сурвалж: The Moscow Times