Уншиж байна ...

Хиймэл оюуны технологийн салбарын тэргүүлэгч Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ Apple компанийнхад ойртлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсэн Хуан

Өчигдөр буюу Мягмар гарагт Nvida компанийн хувьцааны ханш 6 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь Apple компанийн үнэлгээнээс ердөө $100 тэрбумаар дутсан байна.

Тухайлбал тус компанийн нэгж хувьцааны үнэ $1,128 орчимд арилжаалагдаж, зах зээлийн үнэлгээ нь $2.8 их наядад хүрчээ.

Apple компанийн үнэлгээ энэ үед $2.9 их наяд орчимд байсан юм.

Хиймэл оюуны технологийн тэсрэлтийн үр шимийг хамгийн их хүртэж буй компаниудын нэг Nvidia болоод байна.

Тус компани хиймэл оюуны гол тархи болсон хагас дамжуулагч чипийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнийх нь зах зээлийн эрэлт маш өндөр байгаа.

Nvidia компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд гурав дахин өссөн бол энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл хоёр гаруй дахин өсөөд байна.

Alphabet, Microsoft, Amazon зэрэг технологийн аварга компаниуд хиймэл оюуны өрсөлдөөнд давамгайлахын тулд Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдийг булаацалдан захиалж байгаа.

Хиймэл оюуны технологийн тэсрэлтээс хожиж буй бас нэг компани нь Microsoft юм. Энэ салбарын тэргүүлэгчдийн нэг OpenAI компанийн хамгийн том хөрөнгө оруулагч болсон Miscrosoft энэ оны эхээр зах зээлийн үнэлгээгээрээ Apple-ийг гүйцэж байв.

Одоо дэлхийн технологийн компаниудыг $3.1 их наядын үнэлгээтэй Microsoft тэргүүлж, $2.9 их наядтай Apple, $2.8 их наядтай Nividia компаниуд удаалж байна.

 

Эх сурвалж: Reuters