Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

А.Батцэнгэл: Энэ жил "Ёс зүйг эрхэмлэе" уриан дор бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бурхан багшийн их дүйчин өдөр зуны эхэн сарын шинийн 15-н буюу 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах билээ.

Гандантэгчэнлин хийд болон бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, нийт сүм хийд хамтран шинийн 8-наас /өнөөдрөөс/ эхлэн уламжлалт ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.

Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцаа, нийгэм, олон нийттэй харилцах алба хариуцсан тэргүүлэгч гэвш А.Батцэнгэл: Зуны эхэн сарын шинийн 15-нд бурхан багшийн лагшин мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал тохиодог.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей уг өдрийг олон нийтийн тэмдэглэлт өдөр болгож зарласан байдаг. Бурхан багшийн айлдвар сургаал хүн төрөлхтний үнэт өв, нандин мэдлэгийг шингээсэн байдаг. Дотоод сэтгэлийн амар амгалан, хэрхэн амар тайван амьдрах арга ухааныг гүнзгий тайлбарлаж айлдсан сургаал нь хүн төрөлхтний хувьд чухал.

Монгол Улсын хувьд бурхан багшийн дүйчин өдөр нь бүх нийтийн амралтын өдрөөс гадна тэмдэглэлт өдөр. Энэ жил "Ёс зүйг эрхэмлэе" уриан дор дүйчин өдрийг тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ хорих ангиудад болон хавдрын эмнэлэг дээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Бурхан багшийн дүйчин өдрийг тохиолдуулан өнөөдөр буюу шинийн 8-наас шинийн 15-ныг хүртэл Гандантэгчэнлин хийд дээр тахил өргөх зан үйлүүд хийгдэж байгаа.

"Жавзандамба хутагт төв"-ийн менежер Ч.Даваахишиг: Буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд хамтарч, өнөөдрөөс эхлэн шинийн 15-ныг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд усан тахил өргөх үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийд дээр зохион байгуулж байна. Усан тахилыг монголын нийт иргэдэд зориулж байгаа бөгөөд сүсэгтэн олон усан тахил өргөж буян хураах боломжтой.

Сүсэгтэн олныг Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнө заларч буй бурхан багшийн дүрүүдэд тахил өргөхийг урилаа.