Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 61 ШТС барилга байгууламжтай ойрхон баригджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шатахуун Түгээх Станцуудад/ШТС/ шалгалт хийсэн дүнг өнөөдөр УОК-оос танилцууллаа. 

Шалгалтыг төрийн 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2024 оны хоёрдугаар сарын 5-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулжээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулах 91, 1,486 ШТС  болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй найман агуулах, 614 ШТС болон автомашин хийгээр цэнэглэх станц, 251 шатахуун тээвэрлэх цистерн машин хамрагдлаа.

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах хоёр, ШТС 61, автомашин хийгээр цэнэглэх станц тав, орон нутагт гурван ШТС зай хэмжээний зөрчилтэй байв. Өөрөөр хэлбэл тухайн барилгаас ШТС-ыг хол зайд барих хэмжээг зөрчсөн.

Зай хэмжээний зөрчлийн 80% нь ШТС рүү хүрч барилга баригдсан бол 20% нь ШТС зай хэмжээ зөрчиж барилга байгууламжид ойрхон баригдсан байгаа дүгнэлт гарлаа.

Шалгалтын үеэр ШТС, газрын тосны агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид 2,967 зөрчил илрүүлж, газар дээр нь 834 зөрчлийг арилгуулсан бол 14.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Бусад зөрлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 28 ШТС зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байснаас 10 ШТС-ыг хаалгаж, 18-ын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг ШШГЕГ-т шилжүүлсэн.

ШТС-ын зэргэлдээ орших барилга байгууламжийн зай хэмжээг хэтрүүлсэн, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын болон аюултай бүсэд шингэрүүлсэн шатдаг хийн, түлш хадгалах, түгээх байгууламжууд байрласан, галын аюулгүйн нормын хүснэгтэд заасан ШТС-ын зэргэлдээ орших барилга байгууламж хоорондын зай хэмжээ зөрчилтэй, ШТС-ын барилга технологийн шугам нь авто замын ерөнхий сүлжээтэй ойрхон, галын аюулгүйн зай хэмжээ хангагдахгүй байршилд орон сууц, үйлчилгээний барилга барих газар олгогдсон, ШТС-ын орц, гарцын анхааруулах тэмдэггүйгээс талбай дээр нь такси болон бусад тээврийн хэрэгслүүд удаан зогсдог, гэмт хэргээс сэргийлэх зорилгоор ажилтнуудаа сургалтад хамруулаагүй, гэрээт хамгаалалт байхгүй, аюулгүй байдлын дохиололгүй, цонхнууд хамгаалалтгүй, аюултай ачаа тээвэрлэх талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, зөвшөөрөл аваагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгээс хамгийн багадаа 25 метрийн зайд ШТС байгуулах дүрэмтэй. Эдгээр байгууллагын гадна орчинд шатахуун уурших, үнэртэх, галын осол үүсэх нөхцөлийг үүсгэж байна.

Улаанбаатар хотод 57 автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаа явуулж байгаагаас 30 машины сав нь ил байршиж байна.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн зайг тодорхойлсон стандарт Монгол Улсад байхгүй тул шинээр боловсруулж мөрдүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Ажлын хэсгээс хүн ам ихтэй хот, аймагт аюултай ачаа тээвэрлэх журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж, саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

Манай улсад мөрдөгдөж буй нормын дагуу ШТС болон газар доорх агуулахаас хүний эрүүл мэндэд хортой бензол, этил зэрэг хортой бодис ууршиж байдаг. Галын аюулгүй байдлын нормд 25 метр гэж зааснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх чиглэлээр мөрдөх норм дүрэм байдаггүй" хэмээн мэдээлэв.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 28 ШТС нь дөрвөн төрлийн зөвшөөрөл авах ёстойгоос аль нэгийг нь аваагүй байсан аж.