Өнөөдөр буюу 2024 оны 3-р сарын 1-ний өдөр CU конвиниенс сүлжээ дэлгүүрийн 2023 оны жилийн эцсийн аудитлагдаагүй санхүүгийн тайлан Монголын хөрөнгийн бирж болон Компанийн албан ёсны веб хуудас дээр нийтлэгдсэнтэй холбоотой Компанийн менежментийн багийн зүгээс брокер, дилер, үнэт цаасны компаниудын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, 2023 оны санхүү ба үйл ажиллагааны үр дүнг товч хэлбэрээр танилцууллаа.
Тус танилцуулах арга хэмжээ нь олон улсын практикт Earnings Call гэж нэрлэгдэн зохион байгуулагддаг билээ. Үнэт цаас гаргагч компани нь санхүүгийн тайлагналтай уялдуулан хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн шинжээчидтэй хамтран тухайн хугацааны үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, мөн бизнесийн онцлох мэдээллүүдийг хэлэлцүүлснээр олон нийт буюу хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд мэргэжлийн, хөндлөнгийн дүн шинжилгээ бүхий цэгцтэй мэдээлэл хүргэх боломжийг олгодог.
Өөрөөр хэлбэл, Үнэт цаас гаргагч нь мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр хангаснаар хөрөнгө оруулагчдын зүгээс тухайн компани, үнэт цаасыг бодитой үнэлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулах нь Монголын хөрөнгийн зах зээлд зөв жишиг болох нь дамжиггүй.
Энэхүү хэлэлцүүлэгт дурдагдсан гол зүйлсийг товч дурдвал:
Санхүүгийн үр дүн:
Компани өнгөрсөн 5 жилийн хугацаанд иж бүрэн дэд бүтэц бүхий 374 салбар дэлгүүр, 45 сая ширхэг жилийн давтагдсан худалдан авалт бүхий томоохон бизнес бий болгосныг чухалчилж, 2024 оныг компанийн хувьд бизнесийн гүйцэтгэлээ илүү сайжруулах замаар ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэхэд чиглэсэн жил болохыг онцлон тэмдэглэлээ.
2023-2024 оны зааг дээр болсон бизнесийн чухал үйл явдлыг дурдвал CU брэндийн мастер франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн нэр Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02-р сарын 23-ны өдрийн А/348 тоот тушаалаар Премиум Нэксус ХК болж өөрчлөгдсөн талаар мэдээлэл хүргэлээ.
Компанийн нэр өөрчлөх шийдвэр нь 2023 оны 12-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар танилцуулагдаж цаашид компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд стратегийн өндөр ач холбогдол бүхий Чингис Шар Айраг ХХК, Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК, Сэнтрал Кофе Рөүстинг ХХК болон Стора Централ ХХК-уудад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбоотойг онцоллоо.
Шинээр нэгтгэсэн эдгээр компаниуд хоорондоо харилцан уялдаа, хамтын үнэ цэнтэй үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдэд үнэ цэнийг бий болгох өндөр зэрэглэл, чанарыг илэрхийлэх “Премиум”, Олон зүйлсийн холбоо хамаарал, түүний зангилаа цэгийн утгыг илэрхийлэх “Нексус” гэсэн үгээр компанийн үйл ажиллагааг билэгдэж Премиум Нэксус ХК болгон компанийн нэрийг өөрчилсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!