Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улсаас 32, 42 метр хүртэлх өндөрт хөөсөөр гал унтраах 18 машин авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх, Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах Монгол, Францын төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцжээ.

2019 онд Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлсэн байна.

Энэ хүрээнд гал унтраах тусгай зориулалтын 42 автомашин нийлүүлсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 2,343 удаагийн дуудлагаар 1,699 хүний амь нас, аюулгүй байдлыг, 357.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх санхүүгийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар гарын үсэг зуржээ.

Энэ хэлэлцээрийн дагуу өндөр барилгын гал унтраах машиныг жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр авах аж.

Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 ширхэг гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм байна. Эдгээр автомашинуудыг авснаар ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна хэмээн үзжээ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын байгууллагад хөөсөөр гал унтраах зориулалттай гурван автомашин байгаа.

Ер нь гал унтраах 17 ангид хөөсөөр унтраах тусгай зориулалтын машин авах шаардлагатай.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод 198 худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны зориулалттай есөн давхраас дээш барилга бий.

Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа автомашинууд 5-8 давхарт гарсан галыг унтраах боломжтой бол 32, 42 метрийн шаттай болсноор 12-оос дээш давхарт буй гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх боломжтой болох юм.  

Гал унтраах аврах хэсэг, тусгай нэгжид тавих стандарт байдаг. Энэ стандартад барилга байгууламжид гарсан галыг унтраах автомашин хөөсөөр унтраах технологитой байх шаардлага тавигддаг.

Барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах хүрээнд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа барилгуудад дотоод дохиолол хамгаалалт,  гал унтраах тусгай зориулалтын гал унтраагуур заавал суурилуулах шаардлага тавьж, үүнийг барилга хүлээн авах ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна" гэв

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.

ОБЕГ-ын агаараас аврах ангид 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр сургалт явуулна

Мөн хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Монгол, Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж байгаа аж.

Тус анги 2023 оны 12 дугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

“Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр хоёр улсын холбогдох сайдууд Парис хотноо гарын үсэг зуржээ.

Агаараас аврах ангид зохион байгуулах нэмэлт сургалтыг жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт, хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн үзжээ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Бэлтгэгдэж байгаа нисгэгчидтэй бид хариуцлагын буюу тогтвортой ажиллагааны гэрээ байгуулсан.

Төсвийн хөрөнгөөр сурсан албан хаагчид хувийн хэвшил рүү орохгүй. Орсон тохиолдолд суралцсан бүх төлбөрийг хариуцах талаар гэрээнд тусгасан. Гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулсан" болохыг хэлэв.