Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн нээлтээ хийлээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ой 2024 онд тохионо.

 Энэхүү түүхэн ойг угтан Монгол Улсын Их Хурал, “Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим” төрийн бус байгууллагатай хамтран “Үндсэн хууль - 100 жил” парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдана.

  • Нэгдүгээр үе шат болох “Үндсэн хууль – Тусгаар тогтнол 100” парламентын мэтгэлцээний үндэсний аваргын сорилго тэмцээн арваннэгдүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн хоёрдугаар байранд зохион байгуулагдаж, хоёрдугаар шатанд 13 их, дээд сургуулийн шилдэг 48 баг шалгарч үлджээ.
  • Хоёрдугаар шатны тэмцээн Налайх дүүргийн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль дээр хоёр өдрийн турш үргэлжилж, аваргаа тодруулна.
зураг
 
зураг
 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Аливаа улс үндэстэн өөрийн газар нутагтай, түүн дээрээ өөртөө засан тохинох Бүрэн эрх, Тусгаар тогтнолтой байна гэдэг хамгаас үнэ цэнтэй. Түүнээс дутуугүй чухал үнэ цэн бол Хүний эрх, эрх чөлөө юм. Тиймээс ардчилсан, шинэ Үндсэн хуулийн маань Хоёрдугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн нэртэй байдаг. 

Хүнд төрөлхөөс заяасан жам ёсны болон бусад эрх, эрх чөлөө бий. Түүнийг хэн ч өөрчилж, хясан боож, зөрчиж болохгүй. Үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 онд баталсан. Энэхүү тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулан өнөөдөр Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаан хийх гэж байна.  

зураг
 

Мэтгэлцээний урлагт суралцсанаар Монголын залуучууд бүтээлчээр сэтгэх, судлан шинжлэх, уран илтгэх чадвар, бусдыг хүндлэх ёс зүйг эзэмших болно" гэв.

Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний мэтгэлцэгчдийг төлөөлөн Шихихутуг их сургуулийн оюутан н.Болортуяа, шүүгчдийг төлөөлөн тус тэмцээний 2009 оны улсын аварга мэтгэлцэгч Х.Түвшинбаяр нар тангараг өргөв.

 


Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар