"Нэг тээврийн хэрэгсэлд RFID олгоход 14,500 төгрөг зарцуулагдаж байгаа. Хоёр дахь удаагаа наалгавал төлбөр авна"
Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд RFID буюу цахим гэрчилгээг олгох ажлыг энэ оны наймдугаар сараас эхлүүлсэн билээ.
Тэгвэл тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ наах ажил ямар үр дүнтэй байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тодруулав.
Тэрбээр "Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын нэгдсэн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд шалган нэвтрүүлэх товчоод, авто замын хяналтын камержуулалт, уулзваруудын гэрлэн дохио тоноглол болон RFID системийн дэд бүтэц бий болсон.
Гэрлэн дохиотой уулзвар бүхий 161 байршил 455 RFID уншигчийг байршуулсан. Энэ онд Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 75 хувь буюу 331,800 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулахаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 59,600, Улаанбаатар хотын хэмжээнд 33,500 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суурилуулаад байна. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгооны улсын долоон төв, хувийн хэвшлийн есөн цэгт суурилуулалт хийгдэж байгаа.
Нийт тэврийн хэрэгсэлд эхний удаад цахим гэрчилгээ үнэ төлбөргүй наана. Мөн цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалттай болж магадгүй" хэмээн ярилаа.
Мөн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хоёр дахь удаагаа наалгавал тохиолдолд худалдаж авах эсэх талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-ны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээнд нийт 980 мянган тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ наах төлөвлөгөөтэй. Өвлийн улирал эхэлсэн учраас дулаан орчинд наах шаардлага үүссэн. Тиймээс уг ажил бага зэрэг удаашралтай явж байгаа.
Төлөвлөсний дагуу 980 мянган тээврийн хэрэгсэлд "RFID"-ийг үнэ төлбөргүй наана. Харин хоёр дахь удаагаа наалгавал төлбөр авна. Худалдан авах саналаар нэг RFID 6,500 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа. Одоогоор "RFID"-ийг нэг машинд наахад тэмдэгтийн хураамжтайгаа нийлээд 14,500 төгрөг зарцуулагдаж байна. Гэхдээ цаашдаа үнэ нь буурах байх. Хоёр дахь удаагаа наалгавал хэдэн төгрөг авах талаар тодорхой болоогүй байгаа.
Жолооч олон улс болон улсын чанартай замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд бүрэн орсон байх ёстой гэсэн хуулийн заалттай. Тэгэхээр RFID систем ажиллаад эхэлбэл дээрх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэх магадлалтай" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
