-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.
Энэ оны 6-р сарын эхээр бид хотын төвөөс нэг цаг орчим явж, Баянгол дүүрэгт байрлах “Монос Косметикс” ХХК-ийн үйлдвэрт очсон юм. Тус үйлдвэрийн ойр орчим төмрийн үйлдвэр, цахилгаан станц, кашмерийн үйлдвэр гээд үйлдвэр, станцууд төвлөрсөн газар юм. Тус үйлдвэрт гарын саван, тос, нүүрний маск гээд ахуйн болон гоо сайхны төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Үйлдвэрт орохын өмнө битүү цагаан хувцас өмсгөж, ариутгалын хэсгээр нэвтрүүлэв. Дотогш ортол том төхөөрөмж дээр хоёр инженер зогсоод түүхий эдийг нарийвчлан жигнэж, зуурагч машин руу хийж байв. Мөн зуурсан бэлдцийг хийсэн мөнгөлөг өнгийн том савнууд өрөөстэй байх бөгөөд сав тус бүр дээр сар өдөр болон хариуцагчийн нэр бүхий хаягийг наасан байв.
Бид цааш явж дараагийн дамжлага хэсгийн өрөө рүү ороход бэлэн болсон бэлдцийг нэг бүрчлэн савлаж, жигнэснийхээ дараа шаламгай гэгч нь таглаж үйлдвэрийн шугаман дээр тавьж байв. Тус шугам нь дараагийн өрөө рүү бүтээгдэхүүнийг зөөвөрлөж, шилэн хаалтын цаана байх ажилтнууд зөөвөрлөгдөн ирэх бүтээгдэхүүнийг ар араас нь савлаж байв.
“Монос Косметик” ХХК-ийн түүх Монос групптэй салшгүй холбоотой. 1990 онд эм, гоо сайхны “Монос” үйлдвэр нэртэйгээр байгуулагдаж байсан тус групп нь Монголын анхны эм ханган нийлүүлэгч компани бөгөөд Монгол түмнийхээ эрүүл энхийн төлөө одоог хүртэл тогтвортой ажиллаж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна. Өдгөө Их дээд сургууль, Эм судлалын хүрээлэн гэх мэт бизнесийн төдийгүй шинжлэх ухаан, боловсролын салбарт ч хувь нэмрээ оруулсан, нийт 15 охин компани бүхий Монголын томоохон групп компани болтлоо өсөн дэвжжээ.
Монос групп нь хамгийн анх 1997 онд ХБИ ажилд авсан бөгөөд өдгөө группийн хэмжээнд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмэгдүүлэх тал дээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар Монос групп нь нийт 2500 гаруй ажилтантай бөгөөд тэдний 82 нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтан байна.
“Монос Косметик” ХХК-ийн хувьд төв компанид нийт 100 гаруй ажилтан, харин үйлдвэрт 51 ажилтан ажиллаж байна. Тус компанийн төв оффист дотоод эрхтний болон бие эрхтний бэрхшээлтэй нийт 4 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан цэвэрлэгээ үйлчилгээ болон борлуулалтын ажил хариуцан хийдэг. Энэ оны 1-р сараас Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрт дахин нэг хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллах болсон нь оюуны болон хэл ярианы бэрхшээлтэй З.Шижирмөнх бөгөөд үйлдвэрийн хэмжээнд анхны хөгжлийн бэрхшээлтэй ажилтан юм.
Шижирмөнх аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг. Том ах нь Япон улсад ажиллаж амьдарч байгаа учраас түүнд ар гэртээ туслах ахын үүрэг ноогджээ. Долоо хоногт 5 өдөр ажилладаг бөгөөд ажилдаа автобусаар ирж очдог гэнэ. Түүний ажил өглөө 8 цагаас эхэлж, орой 5 цагт дуусдаг. Өмнө нь мах бэлтгэх үйлдвэрийн хөлдөөх агуулахад цагийн ажилтан байсан ч хэтэрхий хүйтэн, ажлын нөхцөл хүнд байсан учраас ажлаасаа гарчээ. “Монос Косметик” ХХК-ийн үйлдвэр Шижирмөнхийн хамгийн анх үндсэн ажилтнаар ажиллаж байгаа газар юм.
Шижирмөнх шугамаар ирэх гарын тоснуудыг хайрцагт нэг бүрчлэн нямбайлан хийнэ. Хайрцаглаж дуусаад тогтсон газарт зөөж байрлуулна. Буцаж ирээд дахин хайрцаглаж эхэлнэ. Шугамаар ирэх дараагийн бүтээгдэхүүн гарын саван болж өөрчлөгдөхөд тэр өөр нэг төрлийн цаасан хайрцаг авчран дахин хайрцаглаж эхэлнэ. Бэлтгэсэн хайрцгууд дуусахад эвхээстэй хайрцгуудыг хурдан шаламгай гэгч нь бэлтгэж тавина.
Үйлдвэрийн менежер Б.Ариунзаяа “Ямар хайрцагт хэдэн ширхэг хийх нь бүтээгдэхүүнээсээ шалтгаалаад ялгаатай ч Шижирмөнх тэр бүгдийг маш сайн мэддэг, хэзээ ч андуурч байгаагүй. Ажилд орсноосоо хойш нэг ч удаа хоцорч тасалж байгаагүй” гэж бахархангуй хэлэв.
Шижирмөнхийг тус үйлдвэрт танилцуулсан хүн бол ажлын байрны дадлагажуулагч М.Энхзул юм. Шижирмөнхийн аав ээжтэй эртний танил тэр Шижирмөнхийг хар багаас нь сайн мэднэ.
Энхзулын хувьд төрөлхийн зүрхний дутагдалтайн дээр бага байхад нь тарьсан антибиотикийн нөлөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй болсон гэнэ. Түүнийг хүүхэд байх үеэс нь л алхаа гишгээгээр нь дооглох, элдэв үгээр хэлэх тохиолдол цөөнгүй байсан ч тэр бүрд бууж өгөлгүй мэдлэг боловсрол эзэмшин, өөрийн карьераа өсгөж иржээ.
Төрсөн нутаг Ховд аймгаасаа гарч, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцахаар Улаанбаатар хотыг зорьсон тэр сургуулиа төгссөнийхөө дараа 2 жил сэтгүүлчээр ажиллажээ. Дараа нь Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд олон нийт хариуцсан ажилтнаар 4 жил ажилласан байна. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр Батлан Хамгаалахын Их Сургуульд элсэн орж, менежментийн чиглэлээр мөн суралцаж төгсөв. Улмаар өөрийн бизнесээ эхлүүлж, цэцэрлэг байгуулжээ. Одоо цэцэрлэгийнхээ эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд салбар цэцэрлэгээ ч байгуулсан байна. Тус цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон бэрхшээлгүй хүүхдүүд хамтдаа сурч хөгжих боломжийг бүрдүүлжээ. Мөн оюуны бэрхшээлтэй залууг тогоочоор ажиллуулж байгаа гээд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг ч дэмжин ажиллаж байгаа ажээ.
М.Энхзул ажлын байрны дадлагажуулагч болохоор шийдсэн нь хоёр дахь их сургууль буюу БХИС-ыг төгссөнийхөө дараа хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар ажилд орж чадахгүй байсантай холбоотой гэнэ. Дээд боловсрол эзэмшсэн хүн ч ажилд ороход хүндрэлтэй байхад сургуульд хамрагдаж чадаагүй ХБИ-ийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх гэдэг ямар хүнд асуудал болох нь тодорхой гэж бодож, 2022 оны 6-р сард ХНХЯ, DPUB2 төслийн зохион байгуулсан Ажлын байрны дадлагажуулагчийн анхан шатны сургалтад хамрагдаж, улмаар 2023 оны 3-р сард зохион байгуулагдсан Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад мөн хамрагджээ.
Шижирмөнхийн аав, ээж хүүгийнхээ ирээдүйд санаа зовж, зөвлөгөө авахаар ирэх үед нь ч найз нөхдийн үүднээс бус харин ажлын байрны дадлагажуулагчийн үүднээс хандаж, Шинжирмөнхөд үнэлгээ хийхийн тулд хэд хэдэн удаа гэрт нь очжээ. Үр дүнд нь Шижирмөнхийн зан ааш, дуртай зүйл, юу хийж чаддаг, чаддаггүй болон бэрхшээлийнх нь онцлогийн талаар судалж, үйлдвэрийн ажил тэр дундаа савлах, хайрцаглах ажил илүү тохирно гэж үзэж, 2022 оны 12-р сард “Монос Косметик” ХХК-тай холбогджээ.
М.Энхзул дадлагажуулагч Шижирмөнхийг ажилд оруулахаар хамгийн түрүүнд “Монос Косметик” ХХК-ийн Хүний нөөцийн албаны дарга Б.Золжаргалтай холбогджээ. Их сургуулиа төгсөөд “Монос фарм трейд” ХХК-д орж 3 жил ажилласныхаа дараа 2014 онд “Монос Косметик” ХХК руу шилжин ажиллажээ. Тэр анх ажилласан үеэсээ л Хүний нөөцийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2022 онд зохион байгуулагдсан ХНХЯ, DPUB2 төслөөс зохион байгуулсан ААНБ-уудад зориулсан сургалтад хамрагджээ. Золжаргал даргын хувьд харааны болон бие эрхтний бэрхшээлтэй хүн төдийгүй оюуны бэрхшээлтэй хүн ч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг тус сургалтаас олж мэдсэн нь том зүйл байсан гэнэ.
Золжаргал дарга 3 охинтой бөгөөд түүний дунд охин нь Дауны хам шинжтэй болохоор оюуны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хувь хүн талаасаа ч их сонирхож хүлээж авчээ. Хүний нөөцийн алба хариуцан ажиллаж буй үүднээс компанидаа ч оюуны бэрхшээлтэй хүн ажиллуулъя гэж шийдэж, төслийн сургалтад хамрагдсаныхаа дараа шууд л оюуны бэрхшээлтэй хүн ажилд авах төлөвлөгөө гаргасан гэнэ. Гэвч яг хэрэгжүүлэх шатан дээрээ ирэхэд хаанаас яаж ажилтан олох вэ гэдгээс эхлээд хүндрэл бэрхшээлтэй тулгарч эхэлжээ. Яг тэр үед Энхзул дадлагажуулагч түүнтэй холбоо барьсан нь үнэхээр цагаа олсон зүйл байв.
Шууд л Шижирмөнхтэй ажлын ярилцлага хийж, Энхзул дадлагажуулагчийн санал болгосноор үйлдвэрт ажиллуулахаар болжээ.
Хүний нөөцийн албаны дарга Б.Золжаргал “Ажилтнууд Шижирмөнхийг хэрхэн хүлээж авах бол гэдэг дээр санаа зовж байсан. Гэхдээ Энхзул дадлагажуулагчтай хамтран Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх сургалтыг байгууллага дээрээ хоёр ч удаа зохион байгуулж, урьдчилсан бэлтгэл хийсний үр дүнгээ өгч, бүх ажилтнууд найрсгаар хүлээн авсан” гэв.
Үйлдвэрийн менежер Б.Ариунзаяа “Шижирмөнх ажилд орсон эхний үедээ нэг л тогтворгүй, хүний нүд рүү ч эгцэлж харахгүй байсан. Харин сүүлийн үед ажилдаа ч хамт олондоо ч дасаж ирж байгаа нь ажиглагдсан. Нэг бүрчлэн зааж зааварчлахгүй байсан ч өөрөө ажлаа мэдээд хийдэг болсноор барахгүй шинэ орсон цагийн ажилтнуудад цаасан хайрцаг хэрхэн бэлтгэх гэх мэт зүйлсийг заадаг болсон. Ер нь өөртөө итгэлтэй болсон нь мэдрэгддэг” гэв.
“Монос Косметик”-ийн үйлдвэрт Шижирмөнхтэй царай төрх, бие бялдраараа төстэй нэг ажилтан байдаг бөгөөд тэр хоёрыг “Ах дүү хоёр” гэж хошигнон ярилцдаг гэнэ. Шижирмөнхийн бүтээгдэхүүн хайрцаглаж байгаа үеийн зургийг авах гэтэл нөгөө өрөөний шилэн хаалтын цаанаас нөгөө “Ах дүү” гэгддэг ажилтан зурагт орох гэж хичээж байгааг харсан Шижирмөнх хөгжилтэй нь аргагүй инээмсэглэв.
Энхзул дадлагажуулагч Шижирмөнхийн ажлаа хийж байгаа байдлыг сэтгэл хангалуун харж зогсов. Хэд хэдэн удаа гэрт нь очиж, үнэлгээ хийн ажилд орсных нь дараа ч хамтдаа кофе шоп орох, хоолонд орох гээд ажлын бус цагаар ч цаг зав гаргадаг гэнэ. Өөрийг нь ажилдаа ирж очиж сургах гэж хэд хэдэн удаа хамт явж, автобусны чиглэл, буух буудал алхах замыг нь зааж өгчээ. Ажилд оруулснаасаа хойш 3 сарын хугацаанд тогтмол үйлдвэр дээр нь очиж, ажил байдалтай нь танилцах зэргээр бүх талын дэмжлэг үзүүлжээ.
Ажлын байрны дадлагажуулагч М.Энхзул "Дэлгүүрт “Монос Косметик”-ийн бараа өрөөтэй байхыг харах бүрт Шижирээгийн хайрцагласан бараа болов уу гэж бодож бахархалтай санагддаг. Аав, ээж нь ч гэсэн ажилд орсонд нь маш их баяртай байгаа. Цалинг нь өөрт нь, ирээдүйд нь зориулж хадгалдаг гэсэн” гээд инээмсэглэв.
Энхзулд дадлагажуулагчид Хүний нөөцийн албаны дарга Золжаргал болон үйлдвэрийн менежер Ариунзаяа нар ч их талархалтай байдаг нь тэдний ярианаас тодорхой байсан юм. Үйлдвэрийн менежер Б.Ариунзаяа “Шижирмөнхийг ажилд авахад болон ажилд сургахад тэгтлээ төвөг бэрхшээл гараагүй нь Энхзул дадлагажуулагчийн ажлын үр дүн сайн байсантай холбоотой. Гэрт нь очиж, гэр бүлийн байдал, зан төлөв, бэрхшээлийн онцлог зэргийг сайтар судалж, үйлдвэрийн ажилдаа дасах хүртэл нь Шижирмөнх төдийгүй бидэнд ч зөвлөгөө дэмжлэг үзүүлж байсан” гэв. Хүний нөөцийн албаны дарга Б.Золжаргал “Энхзул шиг ажлын байрны дадлагажуулагч байвал цаашид ч оюуны бэрхшээлтэй хүн, ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах бүрэн боломжтой” гэж хэлсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон тэдний гэр бүлийнхнийг ойлгож ажиллах ажлын байрны дадлагажуулагч, тухайн байгууллагын хүний нөөцийн алба, мөн томилогдсон үйлдвэр, салбар хэлтэс гэсэн 3 талын нягт хамтын ажиллагааны үр дүнд анх удаа оюуны бэрхшээлтэй хүнийг ажилд авч, тогтвортой ажиллуулж чадсан Монос Косметик ХХК-ийн жишээнээс суралцах зүйл их байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон ахуйн хэрэглээний бараа, гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тус компани цаашид ч ХНХЯ болон Жайка-гийн хамтран хэрэгжүүлж буй DPUB2 төсөлтэй хамтран ажиллаж, оюуны бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгэм дэх ойлголтыг нэмэгдүүлж, Золжаргал даргын хэлсэнчлэн “Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг нийгэм” холгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.
|
Байгууллагын нэр |
“Монос Косметик” ХХК(”Монос” группийн охин компани) |
|
Үйл ажиллагааны чиглэл |
Ахуйн болон гоо сайхны барааны үйлдвэрлэл, борлуулалт |
|
Ажилтны тоо(Монос групп) |
Ойролцоогоор 2500 ажилтан(2023 оны 6-р сарын байдлаар) |
|
ХБ-тэй ажилтны тоо(Монос групп) |
Нийт 82 ажилтан (2023 оны 6-р сарын байдлаар) |
|
Ажилтны тоо(Монос Косметик ХХК) |
Ойролцоогоор 150 орчим ажилтан(2023 оны 6-р сарын байдлаар) |
|
ХБ-тэй ажилтны тоо(Монос Косметик ХХК) |
Нийт 5 ажилтан(2023 оны 6-р сарын байдлаар) |
|
Ажилтны тоо(Монос Косметик ХХК-ийн үйлдвэр) |
Нийт 51 ажилтан(2023 оны 6-р сарын байдлаар) |
|
ХБ-тэй ажилтны тоо(Монос Косметик ХХК-ийн үйлдвэр) |
1 ажилтан(2023 оны 6-р сарын байдлаар) |
|
ХБИ ажилд авсан шалтгаан |
|
|
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
|
2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!